Спортын сэтгүүлчид дугуйтай аяллаа

Хуучирсан мэдээ: 2013.08.25-нд нийтлэгдсэн

Спортын сэтгүүлчид дугуйтай аяллаа

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Монголын Залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клубээс хамтран наймдугаар сарын 23, 24-нд спортын сэтгүүлчдийн дугуйн аялал, уулын авиралт зохион байгууллаа. Хотоо дугуйн замтай болгох уриалгыг дэмжин зохион байгуулсан тус аялалд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн 30 орчим сэтгүүлч оролцлоо. Тэд Налайх-Горхи-Тэрэлж гэсэн маршрутаар дугуйтай аялж, дараа нь ууланд авирчээ. Аяллын үеэр зохион байгуулсан дугуйн тэмцээнд ТВ5 телевизийн сэтгүүлч Н.Бат-Эрдэнэ, "Sportbox" сувгийн сэтгүүлч Ж.Цэцэгмаа, C1 телевизийн Б.Наранбаатар, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Жавхлан нар амжилттай оролцов.

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо гишүүдийнхээ дунд сар бүр спортын тэмцээн, уралдаан зохион байгуулан хэвшиж, спортоор хичээллэхийг уриалсан олон ажил зохион байгуулдаг. Үүний нэг нь энэхүү аялал болж, Монголын спортын сэтгүүлчдийн шинэ улирлын ажил дугуйн спортыг онцоллоо. Тус аяллыг зохион байгуулахад Монголын залуучуудын холбооны дэргэдэх "Залуу дугуйчин" клуб, "Cannondale Mongolia" компани, Спортын төрөлжсөн сургалттай дунд сургууль хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн юм.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж