М.Алтанцэцэг: Ханиа Ерөнхий сайдаас огцроод ирэхэд нь үүдэндээ хадаг, сүү бариад угтаж байлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

М.Алтанцэцэг: Ханиа Ерөнхий сайдаас огцроод ирэхэд нь үүдэндээ хадаг, сүү бариад угтаж байлаа

Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн
Жанлавын Наранцацралт агсан бидний дунд байсан бол өнөөдөр 53 нас хүрч
байх байлаа. Түүний мэндэлсэн өдрөөр гэр бүл, төрөл төрөгсөд нь Дундговь
аймгийн төвд байрлах дурсгалын хө­шөөнд нь хүндэтгэл үзүүлэхээр өчигдөр
Улаанбаатараас Мандалговийг зо­ри­лоо. Энэ үеэр талийгаачийн гэргий
М.Алтанцэцэгийг “Ярилцах танхим”-даа урьж, чин сэтгэлийн халуун яриа
өрнүүлсэн юм.


-Монголын    төр,  нийгмийн нэрт зүтгэл­тэн Ж.Наранцацралт агсны
мэндэлсэн өдөр маргааш /өнөөдөр/ болох гэж байна.  Гэр бүл, төрөл
төрөгсөд нь түүний төрсөн өдрөөр жил бүр  нутагт нь очиж, хөшөөнд нь
хүндэтгэл үзүүлдэг. Энэ өдрүүдэд ч уламжлал ёсоор  Дундговийг зорих гэж
байгаа гэж сонслоо. Ямар ажил зохион байгуулах вэ?

-Ханийнхаа гэгээн дурсгалыг нь хүндэтгэн  хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж, 
дундговьчуудтайгаа хамт нэгэн өдрийг өнгөрүүлдэг энэ арга хэмжээ
уламжлал болоод байгаа. Энэ жил бурхан шашны холбогдолтой арга хэмжээ
голлон зохион байгуулах бодолтой байна. Мөн хөшөөнд нь цэцэг өргөж, энэ
үеэр түүнтэй минь нэг өдөр төрсөн төгсөх ангийн сурагчдыг шагнаж
урамшуулна. Нутгийн иргэдтэй уулзалт хийж, хүний мөс, хүнлэг чанарын
талаар профессор Пүрэвдорж, бурхан шашны асуудлаар Дагва лам нар оюунлаг
ярилцлага өрнүүлж, илтгэл тавих юм.


-Нээрэн ачтай болсон гэлүү, ямар нэр өгснийг сонирхож болох уу?

-Монгол-Эрдэнэ гэдэг нэр өгсөн. Энэ их учиртай нэр. Миний хүү өөр нэр
өгөх гэж байсан. Би 1979 онд оюутан байхдаа анхны хүүхдээ гаргасан.
Нараа маань охиндоо Монгол-Эрдэнэ гэдэг нэр өгөх гэж байсан ч би эрэгтэй
хүний нэр гэж зөрсөөр байгаад Хулан гэдэг нэр өгсөн. Охин минь багадаа
өнгөрсөн л дөө. Дараа нь хоёр хүү минь гарахад хань маань тэр нэрийг
дахин санал болгоогүй. Гэхдээ ханийн минь явуулж байсан  “Охиндоо
Монгол-Эрдэнэ гэдэг нэр өгөөрэй” гэсэн үгтэй цахилгааныг одоо ч
хадгалдаг. Тэр цахилгааныг хүүдээ үзүүлээд тэгээд өвөөгийнх нь хайрласан
нэр гэж бодож явдаг юм.


-Өвөөтэйгээ төстэй чанар бий юү?

-Бий шүү. Нүүр царайны төрх, ер нь л өвчиж төрсөн. Хань минь эргээд ирээ
юү гэх тэмдэг хүртэл бий. Нүүрэнд нь гурван гүнзгий улаан тэмдэг бий.
Ослын үед хань минь машинаас 32 метрийн хол шидэгдсэн. Нүүрэндээ нэлээд
шархтай байсан юм. Хамаатнууд маань ч тэгж л бодож, ярьж сэтгэлээ
дэвтээж  явдаг.


-“Наранцацралт” сан гэж Дундговийн хөгжлийн төлөө ТББ байгуулсан. Үүнийг
та одоо удирдаж байгаа юу?

-Энэ санг 2003 онд байгуулсан. Зөвхөн Дундговь гэлтгүй говийн хөгжлийн
төлөө байгууллага юм. Бүх талын  тусламж, дэмжлэг үзүүлдэг, говийн
залуусыг боловсролтой, оюунлаг, эрүүл байлгахын төлөө л ажиллаж ирсэн.
УИХ-ын гишүүний ажлаас нь хоёр дахин их, манай хүний хамгийн их анхаарал
тавьдаг, цаг заваа зарцуулдаг ажил нь байлаа. Одоо хүү минь тэргүүнээр
нь ажилладаг. Бид энэ санг хэзээ ч орхихгүй. Чадлынхаа хэрээр буяны
ажлыг нь үргэлжлүүлж явах болно. Би хүүдээ зөвлөж, зохион байгуулалтад
нь туслаад л явдаг.


-Нэгэнт манайх улс төрөөр овог­лосон сонин болохоор асуух­гүй өнгөрч
болохгүй нь. Талийгаачийн үүсгэн бай­гуулалцаж, удирдаж байсан
ҮШН-ынхантай та болон танай гэр бүл  ямар холбоотой байдаг вэ?

-ҮШН хамгийн сүүлд талийгаачийг өнгөрсний 49 хоногоор л ирсэн. Түүнээс
хойш хааяа М.Энхсайхан дарга ирдэг байсан. Одоо бол ямар ч хэлхээ холбоо
байхгүй.


-Талийгаач ҮШН-аас гарах гэж байгаа тухайгаа хүүдээ ярьсан байсан. Танд
энэ талаар ярьж байсан уу. Яагаад тийм бодол төрсөн юм бол?

-Тийм ээ, хүүдээ ярьсан байсан.  Уг нь ҮШН-ын үзэл баримтлал, үйл
ажиллагаа нь ард түмэнд нэлээд ойр, боломжийн улс төрийн хүчин байсан
юм. Гэхдээ тухайн үед сонгууль ч дөхөж байлаа. Шинэ намыг ард түмэн
хэрхэн хүлээн авах бол, ардчиллын төлөө анхнаасаа явсан юм чинь
Ардчилсан намдаа буцаж ордог юм билүү гэж надад ярьж байсан. Ер нь тийм
байр суурьтайгаар   ажил төрлөө цэгцэлж байсан гэж боддог.


-АН-д буцаж орох яриа хөөрөө байсныг бодоход тус намд түүнийг холбож
байсан дотно хүн байсан байх. Ардчиллынхнаас хэнтэй илүү ойр байсан бэ?

-Ардчиллынхнаас гэвэл М.Энхсайхан даргатай л илүү ойр байсан. Аль 1992
оноос л улс төрд хамт явсан. 1996 онд М.Энхсайханыг Ерөнхий сайд байхад 
Нараа  маань хотын дарга байлаа. Өнгөрөхөөсөө долоо хоногийн өмнө нэг
орой “АН-ын үе үеийн дарга нар цуглана, намайг дуудсан, би очно” гэсэн. 
“Яах юм бэ, хөөгдөж туугдсан гээд элдвээр хэлүүлсэн байж” гэсэн чинь
“Монгол Улсын нэг том намын даргаар ажиллаж байсны хувьд очилгүй яах вэ”
гээд шөнө ирсэн. Өглөө босоод “Их сайхан уулзалт боллоо. Цаашид яаж
ажиллахаа ч ярилаа” гэж байсан.


-Хүү тань нэгэнтээ аавыг өнгөрөхөд Ц.Элбэгдорж даргыг ирээгүйд гомдож
явдаг хэмээн хэвлэлд ярьсан байсан. Танд ийм гомдол байдаг уу?

-Яаж ч бодсон тийм бодол тө­рөхөөс аргагүй л байдаг юм. Ардчиллын том
төлөөлөл, На­раагийн дараа Ерөнхий сайд болж байсан, адилхан АН-ын
даргын ажлыг хийж явсан гээд бодохоор тийм сэтгэгдэл төрдөг. Тэр үед
Ц.Элбэгдорж дарга Монголд байсан эсэхийг мэдэхгүй. Гомдох ч  юу байх вэ
дээ. Учиргүй ах дүү, амраг садан шиг ойр явсан биш. Гэхдээ л гайхдаг.
2000 оны сонгуулиар АН тэр чигээрээ ялагдахад цорын ганц суудлыг авч,
ардчиллыг аврагч гэгдэж байсан хүн нь амиа алдчихаад байхад яагаад
ирдэггүй юм бол гэж.


-Нээрэн тэгэхэд тэр суудлыг яаж авч чадсан юм бол гэж гайхаж байсан шүү?

-Нараа маань 1999 оны долдугаар сард Ерөнхий сайдын суудлаа өгчихөөд
эмчлүүлж амарсныхаа дараа “Би ингэж байж чадахгүй. Нутаг орныхоо төлөө
явах ёстой” гэсэн. Өөрөө газар зохион байгуулалтын мэргэжилтэй болохоор ч
тэр үү, газар шороогоо хамгаалах сэтгэлтэй хүн байсан. Тэгээд нутгийн
зөвлөлийн дарга боллоо. Тэр жил цас зуд гээд дундговьчуудын хувьд
ихээхэн хүнд өвөл болсон. Өвс тэжээл зөөгөөд, өөр юу хэрэгтэй байгаад нь
туслах гэж ард түмэндээ их ойр ажилласан. Тухайн үед нутгийнх нь найз
хүртэл “Очиж очиж нутгийн зөвлөлийн дарга хийгээд байхдаа яадаг юм бэ”
гэж хүртэл хэлж байсан юм шүү. Тухайн үед нутгийн зөвлөлийн дарга хэн ч
биш байлаа л даа. Гэвч Нараа маань багшийн ажлаа хийхийн хажуугаар
нутгаа гэсэн сэтгэл зүгээр суулгахгүй байна. Аймгийн Засаг дарга болсон ч
яадаг юм бэ. Манай Дундговийн хөгжил дорой, буурай байна. Тиймээс
нутгийн зөвлөлийн дарга хийнэ” гэж зөрсөөр их ажил хийсэн дээ. Түүнээс ч
болсон уу, ер нь ээж, аав нь ч насаараа нутагтаа эрүүл мэндийн салбарт
зүтгэсэн зэргээс шалтгаалж нутгийнхан нь Нараад итгэж, хайрлаж эхэлсэн.
Энэ л ялалтад хүргэсэн болов уу гэж боддог. Тэгээд сав л хийвэл Дундговь
гэж давхисаар байгаад л дууслаа даа.


-Ингэхэд та өөрөө улс төрийн ямар байр суурьтай хүн бэ?

-Хүүхэд байхаасаа л анги, бүлгийн даргын сонгуульт ажлаас салдаггүй,
эвлэлийн байгууллагаас шагнуулдаг нийгмийн идэвхтэй гэгддэг байлаа.
Нараатайгаа сууснаас хойш ч эхний үед залуу хүний хувьд улс төрийн идэвх
тодорхой хэмжээнд байсан. Гэвч нэг гэр бүлд хоёр улстөрч  хэрэггүй
гэдэг энэ зарчим манай гэрт үйлчилдэг. Тиймээс нэг нь ар гэрээ авч явах
нь зүйтэй гэж бодоод улс төрийн идэвхээсээ ухарсан гэх үү дээ.


-Ш.Отгонбилэг агсны гэргий Д.Туяа, С.Зориг агсны дүү С.Оюун гээд улс
төрд үйл хэргийг нь залгамжлаад амжилтад хүрсэн жишээ цөөнгүй шүү дээ?

-Нөхрийг минь өнгөрсний дараа энэ талаарх яриа нэг бус удаа хөндөгдөж
байсан. Би аль ч намын гишүүн биш. Гэхдээ ардчилсан намын  үзэл бодлыг
дэмждэг. 1990 онд ардчиллынхан өлсгөлөн зарлаж тэмцэл өрнөсөн. Өлсгөлөн
зогсоосны дараахан нэг өдөр  “Улс төрийн товчоо огцорлоо” гэж явахад нь
би ганцаараа байсан болохоор “Ашгүй дээ” гээд хашгирч дэвхцээд сүйд
боллоо. Гэтэл Нараа ажлаа тараад ирж таараад их гайхаж байсан. Тэгээд
хоёулаа их баярлаж байж билээ. Одоо бол надад улс төрд орох бодол
байхгүй. Хоёр хүүхдээ, ачаа хараад л баярлаж  сууна. Тэднийхээ сайн
сайхны л төлөө зүтгэж байна.


-Ингэхэд та ханьдаа хэр сайн зөвлөгч байв?

-Боломжийн зөвлөгөө өгнө өө. Наад зах нь ярих урлаг, үсгийн дүрмийн
болон найруулан бичих талаар зөвлөнө. Би хүүхэд байхын л монгол хэлний
хичээлдээ их сайн. Тэгээд ч  үг бол сумнаас хүчтэй зэвсэг байдаг
болохоор энэ талаар илүү анхаардаг  байсан. Хань минь ч зөвлөгөөг
сонсоно. Өөрийнхөө буруутай талыг ойлгосон бол миний үгийг сайн авна.
“Чинийх буруу, минийх зөв” гэж бодвол өөрийнхөөрөө зүтгээд л дуусдаг
байсан.


-Таныг хоёр сайхан хүү тань түшиж үлдсэн. Талийгаачид хүүхдүүдээ улстөрч
болгоно гэсэн бодол байсан болов уу. Улс төрд удам залгах авьяастай ч
юм уу, ер нь боломжтой гэж итгэдэг нь хэн нь байсан бол?

-Захих ч юу байх вэ дээ. Хоорондоо ярьдаг зүйл байсан. Нэг хүүгээ эрүүл
мэндийн салбарт, нөгөөг нь улстөрч болгоно гэж ярьж байсан. Тэгээд эмч,
хуульч болцгоосон. Цаашид улстөрч болох эсэх нь өөрсдийнх нь хувь
төөрөг, үзэл бодлын л хэрэг байх даа.


-Таны ууган хүү Н.Соёмбо Дундговь аймагт ҮЗХ-ны болон намын даргын
төлөөх сонгуульд өрсөлдсөн. Энэ нь түүний хувьд улс төрийн анхны алхам
болсон. Тантай зөвлөлдсөн үү?

-Зөвлөлдсөн. АН-д элслээ. Одоо ҮЗХ-ны гишүүн болмоор байна. Намайг
Дундговьд нэрээ дэвшүүл гэсэн хэмээн ярьж байсан. Дундговьд очоод надтай
утсаар ярихдаа “Дундговийн АН-ын үйл ажиллагаа нэлээд доголдсон байна.
Даргаа солих тухай яригдаж эхэллээ. Нэрээ дэвшүүлээд үзвэл ямар вэ”
гэсэн. Би “Дэмий байх. Миний хүү арай л балчирдана” гэсэн ч эр хүний
хувьд өөрөө мэдэг гэж бодсон.


-Түүний дараа хэвлэлд хүү тань тэнд зодоон хийсэн гэсэн таагүй мэдээлэл
гарсан?

-Түүнд би хүүгээ буруутгаад зэмлээд байх юм алга. Тийм юм болохоос
аргагүй болоод л тэгсэн байх.


-Та олон жил улстөрчийн дэргэд амьдарсны хувьд улстөрчид байх ёстой зан
чанар хүүд тань бий гэж үздэг үү?

-Ер нь дажгүй шүү. Аавыгаа өнгөрснөөс хойш гурав дахь жилийнхээ нүүрийг
үзэж байна. Тэр үед ярьж сэтгэж байсан нь ч уншиж судалдаг зүйл нь ч өөр
болсон.


-Талийгаачийг шуналгүй, хотын дарга байсан мөртлөө хувьдаа ганц газар ч
үгүй байсан гэх магтаал, зэмлэл хослуулан ярьдаг?

-Шуналгүй байсан нь үнэн. Авлигатай холбоотой томчуудын талаарх элдэв
хэл яриа гарахад манай гэр бүл үнэхээр сэтгэл тэнэгэр, айх зүйлгүй явдаг
байсан даа. Баатар генералын хэргийн үеэр ч гэсэн өөрөө “Ордон дотор
над шиг инээж яваа санаа амар хүн алга” гэж хэлж байсан. Улстөрчдийг
шуналтай гэсэн бодол байдаг нь өнөөдрийн жаргал цэнгэл, хангалуун
чинээлэг байх үүднээс хувийн эрх ашгаа дээгүүр тавьдгаас л болдог болов
уу гэж боддог юм. Манай хүн амьдралыг айхавтар алсуур хардаг байсан.
Олон тэрбумын хөрөнгөтэй хүмүүсийн дэргэд бидэнд юу байх вэ дээ.
Боломжоороо хөдөлмөрлөөд л амьдралын төлөө зүтгэж явна.


-Таны хэтэвч рүү шагайхыг хү­сэхгүй байна. Гэхдээ та­лий­гаачийн хэлсэн
нэг аффоризм бий. “Монгол Улсыг алт мөнгө эд баялаг биш, орчин үеийн
өндөр боловсролтой хойч үе нь авч явах болно” гэж.  Энэ өөрийнх нь
амьдралын философи байсан байх. Ер нь хүүхдүүддээ юу үлдээв, өвлүүлсэн
бэ?

-Энэ ярьдаг зүйлээ л өвлүүлнэ гэж зүтгэж байсан. Жишээ нь би хүүхдүүдээ
ядаж гадаадад сургуульд явуулахсан гэж ятгаж байсан удаатай. Тэгэхэд “Ер
нь хүн  эх хэлээ сураагүй, зан заншлаа мэдэхгүй байж гадны ямар ч оронд
боловсорсон байгаад хангалтгүй. Тиймээс эндээ ерөнхий боловсрол
эзэмшсэний дараа хаана ч сурсан толгой өвдөхгүй” гэж байсан.  Түүндээ
хүрч энд сургуулиа төгсөхөд нь хүссэн сургуульд нь явуулсан. 
Харамсалтай нь төгсөхийг нь үзэж чадсангүй. Манайх Найрамдалд байдаг
зуслангийн байртай. Төрийн өмчийн байр гэж явдаг байсан. ТӨХ-ны хурлаар
оруулж 2003 онд хувьчлах шийдвэр гарсан. Хүүхдүүд өсч байгаа болохоор
өргөтгөе гэж ярилцаад нэлээд яаравчилсан. Тэгээд өнгөрөхөөс нь сар
гаруйн өмнө л дуусгасан байсан. Гэтэл мөнгийг нь төлчихөөд албан ёсоор
бүртгүүлээгүй байсныг саяхан бүртгүүлж цэгцэлсэн.


-Түүнээс өмнө хаана амьдарч байв?

-Дөрөвдүгээр хороололд нийтийн орон сууцанд амьдарч байгаад, Ерөнхий
сайд болоход нь Их тэнгэр рүү нүүсэн.  Тэндээсээ нүүгээд хотын төвд
байдгийг нь бодож энэ байранд орсон. Хувийн орон сууцанд амьдрахад цэвэр
бохир усны шугам, цахилгаан дулааны асуудал хүнд байсан л даа.


-Гэхдээ гэрийн эзэгтэйн хувьд та амьдралаа дээшлүүлэх талаар ухаан
зараасай гэж боддог, хэлдэг л байсан байх?

-Ядаж хүүхдүүдээ бодоод хэлсэн удаатай. Тэгэхэд “Алтаа минь, Монголд
өнөөдөр улстөрчид нь дандаа зөв үйл хийгээд амьдралаа сайжруулаад байгаа
юм биш шүү дээ. Би хоёр хүүхдийнхээ ирээдүйг бодолгүй яахав. Бүхнийг
зөвөөр нь хийгээд явахад болох байлгүй. Намайг бурхан харж байгаа” гэдэг
байсан. Миний хань бурхнаа тахиж шүтэж л явсан болохоос бурханд буруу
юм хийгээгүй.


-Ж.Наранцацралт агсны гэр бүлийнхэн одоо яаж амьдардаг, та болон таны
хүүхдүүд  юу хийдэг талаар түүнийг хүндэтгэж явсан олон нийт сонирхож
байгаа байх?

-1993 онд, анх хүмүүс амины орон сууц барьж эхэлж байхад л газар аваад
байшингийн суурь тавиад гурван жил болсон. Байшин барих хөрөнгө байхгүй.
Тэгж байгаад 1997 оноос найзтайгаа хамт зүтгэсээр барьж дуусгасан. Одоо
хүү минь тэнд эмнэлэг ажиллуулдаг. Бага хүү минь үргэлжлүүлэн сурч
байна. Миний хувьд өөрийн нэр дээр байдаг жижиг аж ахуйн нэгжийн үйл
ажиллагааг өргөтгөхөөр зүтгэж байна. Бас геологийн нэгэн хувьцаат
компанийн 30 гаруй хувийг нь манай Нараа, мөн 30 орчим хувийг хүү минь
эзэмшдэг байсан. Тэр хувь өв залгамжлах маягаар хүүгийн нэр дээр бий. Аж
ахуйн ажил ихтэй л байна. Хүү минь дөнгөж сургууль төгсөөд анх удаа аж
ахуйн ажил хийж үзэж байгаа болохоор туслах маягтай л явж байна даа.


-Таны үндсэн мэргэжил юу билээ?

-Би сүү, сүүн бүтээгдэхүүний инженер технологич мэргэжилтэй. Сүүний
үйлдвэрт мэргэжлээрээ арван жил ажилласан. Дараа нь төрийн байгууллагад,
хувийн хэвшилд ч ажилласан. Хамгийн сүүлд геологич болж байна /инээв/.


-Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан энэ хүн улс төрийн
хүрээнд томоохон байр суурьтай, түүнийхээ хэрээр найз нөхөд олонтой
байлаа. Одоо тэр найзууд, намын  нөхөд нь тантай уулздаг уу?

-Үнэхээр олон байсаан. Гэхдээ өнөөдөр миний хамгийн том түшиг хоёр хүү
минь л байна даа. Их сонин юм билээ. Цаг хугацаа өнгөрөхөд ханиас минь
салахгүй, бараг өвөрт нь унтах шахам дагаж гүйж байсан нөхдөөс нь сураг
ажиггүй болсон. Гэтэл хотын захиргаа, хүрээлэнд хэсэгхэн хугацаанд хамт
ажиллаж, хойно хамт сурч байсан найзууд, шавь нар нь илүү ойр байдаг. 
Ямар ч байсан нүүр буруулаад зугатахгүй, хавьгүй дээр байдаг гэж хэлж
болно. Ер нь тэгээд хүний чанар танигддаг л юм байна.


-Ж.Наранцацралт агсан Дунд­говьдоо төдийгүй Монгол даяар олон нийтийн
дунд ихээхэн нэр хүндтэй байсан. Тиймээс 2008 оны Ерөнхийлөгчийн
сонгуульд оролцож магадгүй байсан юм билээ гэсэн яриа нэлээд газар авсан
байдаг. Ханийн хувьд хэрэв ийм санаа оноо байсан бол хамгийн түрүүнд
тантай хуваалцаж байсан болов уу?

-Энэ их сонин л доо. Хүмүүс “Та улс төрд цэвэр явж байгаа, таныг Монгол
даяараа дэмжинэ” гэж их хэлдэг байсан. Тэр тусмаа 2005 оны
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн ийм яриа олонтаа сонсогддог байлаа.
Магадгүй тэр үед л энэ талаар санаа төрсөн байх. Түүнээс хойш лав
Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярьж байгаагүй. Харин өнгөрөхөөсөө
өмнөхөн хоёрхон хоногийн өмнө, нэг  өглөө “Гэртээ, нэг өрөөндөө байнгын
интернэттэй холбоод хэдэн компьютер бэлтгэчихье. Манай залуус ирж
ажиллая гэж байна. Ер нь сонгуулийн ажилд бэлтгэхээр цэгцэлж эхэлье” гэж
ярьсан. Тэр үед Засгийн газар огцорчихсон байлаа. Тэгээд “Ерөнхий сайд
С.Баяр дарга надад хамтарч ажиллах санал тавибал дуртайяа ажиллана.
Са­нал тавихгүй бол ажиллая гэж зүтгэхгүй. Сонгуулийн бэлтгэлийг хийгээд
мөрөөрөө байж байя” гэж ярьсан. Тэгснээ гэнэт “Ерөөсөө би 2009 онд
Ерөнхийлөгчийн сонгуульд үзнэ” гэдэг юм. Би цочирдож айгаад “Юу ярьж
байгаа юм бэ” гэсэн чинь “Янз бүрийн хүрээний хүмүүс надад итгэж, урам
өгч байна. Ер нь ялчихаж магадгүй. Надад ажлын бэлтгэл байгаа шүү” гэж
хэлсэн. Тэгээд би “Энэ бол жирийн нэг сонгууль биш. Тиймээс энэ тухайгаа
сайн бод, наана нь олон хүнд битгий хэлээрэй” л гэж зөвлөсөн. Тэр өдрөө
яаман дээр сайдын зөвлөлийн хуралд сууж ирээд гэнэт Дундговь явахаар
боллоо гэсэн. Залуучуудын чуулга уулзалт болох юм байна. Бүх баг сумаас
залуучууд ирнэ. Сонгууль ч ойртож байна. Тэдэнтэй хамтарч ажиллахын
тулд  юу бодож явдгийг нь заавал сонсох шаардлагатай гэсэн. Уг нь бид
хоёр Тагарваа багшийнд очихоор төлөвлөсөн байсан юм. Тийм болохоор
“Дандаа л Дундговь гэж байх юм. Хэзээ бид гурвын төлөө, гэр бүлдээ цаг
зав зориулах хүн бэ” гэж хэлж байсан санагддаг юм. Бас “Ойрд ядраад
байгаа байх,  нүд чинь улайчихаж. Ядаж агаарт гарч хоноё” гээд
Найрамдалд байдаг  зуслангийн байрандаа очиж хоносон.  Маргааш нь 15 цаг
өнгөрч байхад яаман дээр хамт явах хүмүүс маань цугласан гээд жигтэйхэн
яарч байгаа нь л хачин санагдаад байсан.


-Явуулмааргүй санагдаж, зөн совин төрж байсан уу?

-Ер нь нэг тиймэрхүү сонин байдал л ажиглагдаад байсан. Миний хань нэг
хоног, нэг цаг явах байсан ч бүх хувцас, хоол хүнсээ надаар бэлтгүүлдэг.
Гэтэл өөрөө унтлагын өрөөнд орж хувцасны шкафнаас костюмаа гаргаад,
жижиг өрөөнөөс аяны багаж хэрэгсэл, гал тогоонд орж хоол бэлтгээд
гүйгээд байсан. “Чи юунд ингэтлээ сандраад байгаа юм бэ. Би юу хийх вэ”
гэхээр “Чи юу ч хийх хэрэггүй. Зүгээр сууж бай. Би сайхан плов хийж
байна. Эсвэл лууван угааж хэрчиж өгч болно” л гээд л өөрөө бүгдийг
хийгээд байсан. Бас би хамт яваад ирье, ганц хоног явах юм чинь ажил
цалгардаад сүйд болохгүй шүү дээ гэж хэлж үзсэн л дээ. Тэр үед бага хүү
эмнэлгээ гараад удаагүй байсан юм. Нараа “Хүүдээ хоол хийж өгөөд асраад
үлдсэн нь дээр. Би маргааш өдөр давхиад ирчихнэ” гэж хэлээд гараад явсан
даа. Сүүлд нь бодоход “Хамт явсан бол яах ч байсан юм билээ” гэсэн
харуусал төрөөд л байдаг юм.


-Хэрэв тэрбээр бодож явсандаа хүрээд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон
бол Н.Энхбаяртай өрсөлдөж таарах байсан. Ингэхэд Н.Энхбаяртай ямар
холбоотой байсан бэ?

-Н.Энхбаяр Ерөнхийлөгчтэй ажил төрлийн л холбоотой байсан байлгүй дээ. 
Айхавтар улс төрийн наймаа, амбиц юу ч билээ, тийм холбоо байгаагүй
байх. Хамтдаа арга хэмжээнд оролцоход тэр хоёр толгой дохиод л өнгөрдөг
байсан. Нэг их ойр дотно холбоотой байгаагүй.


-Эмзэг сэдвээр яриа өрнүүлж байгааг уучлаарай. Аймшигт осол болсныг
сонсох тэр үед таныг биеэ барьж,тэвчихэд хүргэсэн, улмаар цааш амьдрах
хүчийг өгсөн хамгийн том хүчин зүйл юу байсан бэ?

Тийм аймаар явдал болсонд итгэж ядан  бүүр түүр ухаантай байх тэр үед
үнэндээ хүүхдээс өөр юм бодогдоогүй.  Би яах вэ, миний тавилан л ийм юм
байж. Гэхдээ энэ хувь тавилантай эвлэрээд, амьдралын гашуун зовлонд бууж
өгөөд явж болохгүй. Үлдсэн хоёр хүүгийнхээ төлөө би чанга гишгэж
амьдрах ёстой л гэж бодогдсон. Харин миний хүү “Надад хамгийн түрүүнд
хариуцлага, дараа нь ээж минь хамт явчихсан бол яах билээ” гэсэн бодол
төрсөн гэж ярьж байсан. Үнэхээр өөр аргагүй. Хөөрхий нөхөр нь, аав нь
нас барчихсан юм гэж өрөвдөөд л өнгөрөхөөс хэн ч бидний төлөө амьдрахгүй
шүү дээ. Яаж явж байгааг л хардаг цаг шүү дээ. “Зайлуул тэр өнгөрсөн
болохоос амьдралыг нь аваад явчихсан биш. Юун арчаагүй юм бэ” гэж хэлэх
хүн бишгүй л таарна. Тэр болгоныг  ялан дийлэхийн тулд би маш их тэвчээр
гаргах хэрэгтэй болсон. Би осол гарсан 2007 оны арванхоёрдугаар сарын
12-ны шөнөөс эхлээд 2008 оны зургадугаар сарын наймныг хүртэл бараг
унтаагүй. Хамгийн их нь л нэг цаг унтдаг. Харахад нүдээ анивч тархи
амарч унтаж өгөхгүй байсан. Нойр хүрэхгүй болохоор галзуурч магад гэж
бодоод гэрийн ажил хийнэ, телевиз сонин харна. Аль болох өөрийгөө
удирдахыг хичээж, нэг гараараа нөгөөгөө дарж их л хэцүү үеийг давсан
даа. Өглөө болж хүмүүс ажилдаа явахад “Би нойргүй хоносон унтаад авахсан
гэхээс илүү гарч ажил хөөцөлдөх ёстой шүү. Шинэ өглөө эхэлж байна” гэж
боддог байлаа. Айх юм гэвэл гудамжинд, машины зам дээр ухаан алдаж унаж,
хөл гараа гэмтээх вий л гэж эмээж байсан.


-Тэр аймшигт осол, уг хэргийг захиалгат хэрэг байсан, улс төрийн
зорилготой гэхчлэн тухайн үед дуулиан дэгдэж байсан. Харин ханийн хувьд
танд ийм сэжиг таамаг байдаг уу?

-Яг ч золгүй тохиолдол биш юм шиг санагдаад байдаг юм. Ослын маргааш
өглөө газар дээр нь очиж үзэхэд бараг цагаан газар байсан. Нэг л юм
нь…Би үүнийг үхэн үхтлээ мартахгүй байх. Би хэргийн газарт бараг цагдаа
нартай зэрэг шахам очсон юм шүү дээ.


-Яаж мэдсэн бэ?

-Манайхны хүргэн дүү маань цагдаад ажилладаг. Тэгээд дотоод холбоогоороо
сонссоноо надаас лавлаж асуухад нь л тийм хэрэг болсныг мэдээд очсон.
Тэгэхэд Төв аймгаас машинтай хоёр цагдаа ямар ч саргүй, гэрэл гэгээгүй
тэр түнэр шөнөөр ирсэн. Гэтэл манай хүний машин хот руу биш эсрэг зүгт
харчихсан байсан. Өнөөх хоёр цагдаа машинаасаа гарч, энэ юу болов гээд
бичиг баримтыг нь ухаж үзэж мэдсэн гэж байгаа. Манай Нарааг танихгүй хүн
Монголд ховор л баймаар юм. Ард нь бас нэг амьд хүн байсан шүү дээ. Нэг
цагдаа нь явган үлдээд, нөгөө нь өвчтэй хүнээ аваад хот руу ирсэн
байдаг. Тэгсэн мөртлөө осол гарсан газарт унаагүй үлдсэн хүн нь аймгийн
төв рүү шууд холбогдоод, тав аравхан минутын дараа хамгаалалт гараад л.
Төв аймгаас ослын газар хүртэл нэлээд зайтай шүү дээ. Тэр хоёр цагдааг
юу хийж явсан юм бол гэхээр хэрэгтэн барих гэж явсан л гэдэг юм. Энэ их
сонин.


-Анхны мөрдөн байцаагч нь нас барсан гэж үнэн болов уу?

-Дундговь аймагт мөрдөн байцаагч байсан сайхан залуу байсан. Эхнэр, нэг
хүүхэдтэй.  Тэднийгээ хот руу явсан хойгуур өөрийгөө боомилох
байдалтайгаар  нас барсан гэдэг. Аймгийнхан нь үүнийг дардаг. Дуулиан
дэгдээх шаардлагагүй гэцгээдэг юм билээ. Түүний ах, дүү нар нь энэ том
хүний ослын шалтгааныг шалгаж байсантай холбоотой юм биш биз гэсэн яриа
хөөрөө гаргаж байсан сураг байдаг.


-Энэ хэргийг эцэслэн шийдэх талаар төрөөс хэр анхаарал тавьсан бол.
Төрийн зүтгэлтэн хүний амьтай холбоотой хэрэг шүү дээ?

-Ерөнхийдөө осол гээд л өнгөрч байгаа болов уу даа. Мэдээж ёс журмын
дагуу хавтаст хэрэг нээсэн. Өнгөрснийх нь маргааш ч бил үү, ирж мэдүүлэг
өг гэсэн. Би очиж чадаагүй. Эр хүн болохоор том хүүгээ явуулсан. Хэд
хэдэн удаа дуудаж асуусан, машинд үлдсэн эд зүйлсийг  өгсөн байдаг. Янз
бүрийн хүмүүсийн таамаг, явган ярианаас сонсоход осол биш байсан болов
уу гэсэн бодол байдаг л даа.  Яалт ч үгүй осол биш гээд явах гэхээр
баримт байхгүй болохоор яах ч аргагүй.


-Дугуйнд нь төмөр хийсэн байж ч гэдэг юм уу, сэтгэлд сэвтэй яриа нэг бус
гарч байсан?

-Тухайн үед моргт хийсэн шөнө нь бид гэмт хэрэг байна, задлан хийлгэнэ
гэж орилж чарлаад хөөцөлдсөн бол нэг хэрэг байсан байх. Юун тийм юм
санах байтугай ухаан мэдрэлгүй  шахам байсан болохоор яая гэх вэ дээ.


-Талийгаач өнгөрөхөөсөө өмнөхөн хэд хэдэн хэвлэлд нэгэн том авлигын
хэргийг цухас дурдаад цаг нь болохоор эздийг нь олон нийтэд зарлана гэж
хатуухан хэлж байсныг санаж байна. Магадгүй үүнээс болж, нэг бус хүний
өшөө хорслыг төрүүлсэн байж болох уу?

-Баримтгүй л болохоос надад янз янзын бодол байдаг юм аа. Яагаад гэвэл
миний хань 1990 оноос хойш улс төрд явахдаа муу юманд орооцолдоогүй хүн
дээ. Гэхдээ хийж байсан ажил, хүмүүсийн харьцаанаас ч юм уу үүдэлтэйгээр
их юм мэддэг байсан. Ер нь “Үүнийг яая даа” гэсэн аймаар бодолтой хүн
байсан байж болно. 


-Казиногийн хэрэг тухайн үедээ дуулиан тарьж байсан. Магадгүй үүнээс
болж Ерөнхий сайдын суудлаас огцроход хүрсэн ч гэж ярьдаг. Гэтэл тэр
хүмүүс өнөөдөр төрийн өндөр алба хашиж байна. Энэ талаар та юу гэж
боддог вэ?

-Цаг төр буруугийн буруу эргэчихээд байгаа юм шиг санагддаг.  Би улс
төрийг хараад учрыг нь олоод байдаг байсан. Одоо олохоо байсан. Монгол
Улс хаашаа явах гээд байгааг ч ойлгохгүй байна.


-Хоёулаа яриагаа гэгээлгээр эхэлсэн шигээ сайхан дурсамжаар төгсгөе.
Хэдийгээр он цагийн эргэлтэд ард хоцорсон ч та Ерөнхий сайдын гэргий
гэгдэж байсан. Хань тань гэнэт улс орны №2 хүн болсон тэр мэдээг та
хэрхэн хүлээн авч байв?

-Ерөнхий сайд болохдоо “Намын хурлаас миний нэрийг дэвшүүллээ” гээд
инээгээд орж ирж байсан. Аавынх  манай хажууханд байсан. Ээж сонсоод “Ээ
бурхан минь, ёстой миний хүү тийм ажил хийж болохгүй. Эгэл жирийн ардын
л хүүхэд шүү дээ. Зүгээр л ажлаа хийж яв” гээд эмээгээд, ятгаад байдаг.
Аав нь дуугүй сууж байснаа “Яадаг юм бэ, миний хүү. Нөхөд нь итгэсэн
бол хийгээд үз. Хүн бүрт  ийм завшаан олдоод байдаггүй юм” гэсэн. Би
өөрөө мэд л гэсэн байр суурьтай, ер нь хадам аавыг дэмжих маягтай
байсан. Маргааш нь хамгаалалт энэ тэр болоод ороод ирсэн. Хадам ээж минь
өдөржин зогсох хамгаалалтын залууг дуудаад “Миний хүү гэрт ороод жаахан
хажуулаад ав” гээд сүүлдээ ядаж суулгана гээд сандал хүртэл өгөх гэж
оролдож байж  билээ. Нөгөөдөх нь “Болохгүй, эгч минь” гэж учирлаад
хөглөж байсан.


-Харин  Ерөнхий сайдаас огцроход нь яаж хүлээж авсан бол. Талийгаач
өөрөө ямархуу байдалтай байсан бэ?

-Огцроод орж ирэхэд нь би их сонин угтсан гэдэг юм. Нэг ёсондоо
хэлмэгдэж огцорсон учраас ханийн минь зам мөр цагаан байсан, цаашид ч
тийм байх болно гэж бодоод 1.5 литрийн мөнгөн аяганд сүү бариад үүдэндээ
угтаж байлаа. Бараг баяр хүргэх шахаж байсан. Тэгээд ч хань минь
өөрийнхөө зөв гэдэгт маш итгэлтэй байлаа. Үнэнч зүтгэсэн хүн хол
явдаггүй юм байна гэдгийг сайн мэдэрсэн. Гэхдээ маргаашаас нь эхлээд л
зүгээр. Туг ч барьж, тугал ч хариулна гээд л инээж суусан. Тэр минь
огцрохдоо үг хэлж байхад хоолой нь зангирч байсныг би сайн санадаг. Ер
нь гүтгэгдэж, хэлмэгдэнэ гэдэг хэцүү л юм билээ. Харин огцорсны дараа
сэтгэл санаагаар унаад элэг бөөр нь өвдөөд үхэх шахаж гэнэ гээд л
хэвлэлд бичигдэж байлаа.


-Тэр үед ч гэсэн хэвлэл мэдээлэл өнөөгийнх шиг чөлөөтэй байсан болохоор
Ерөнхий сайд, түүний гэргий хэр зэрэг хэл аманд багагүй өртөж байсан бэ?

-Хангамж гэж бараг байгаагүй. Нэг “Соната-2” машинтай. Хаалга нь
онгойдоггүй, бариул нь эвдэрхий, суудлын бүрээс ч байхгүй. “Их тэнгэр”
рүү жаахан өгсөхөөр мотор нь халаад явдаггүй. Өдөрт 70 километрийн
лимиттэй.


-Та машиныг нь голсон гэж бичигдэж байсан санагдах юм?

-Голж байсан бол яалаа гэж өөрөөсөө мөнгө гаргаж додомдоод, өдөр бүр 10
мянган төгрөгөөр бензин хийгээд явах вэ. Холбогдох газруудад нь үзүүлээд
сольж өг гэж шаардах ч эрх байсан. Тэгээгүй. Хань минь ч элдэв шалдав
хэл яриа гаргаад явах эвгүй байдаг юм шүү гэж захьж байсан. Орноосоо
бусдыг, хоол хүнсээ хүртэл хувийн мөнгөөрөө авдаг байсан. Олон хүн яг
чам шиг ингэж асууж байсан. Дээр үед бол хангамж сайн байсан байх л даа.


-Таныг Булганы хүн гэж сонссон. Дундговь аймгийнхан бэрдээ их ам сайтай
байдаг. Харин энэ жим битгий тасраасай гэлцдэг юм билээ. Цаашид та
Дундговьчуудтай ямар холбоотой байна гэж боддог вэ?

-Хаа холын хангайн хүн би одоо бол говийн хүн болчихсон. Ханийнхаа
төрсөн суманд “Өөш манхан” бөөрний сувиллыг байгуулаад 10 дахь жилдээ
ажиллаж байна. Өнөө жил ч гэсэн нартай, хоормогтой дээр улам олон хүнийг
эмчилж эдгээхээр бэлтгэлээ базаачихаад байгаа. Мөн говийн бүс нутагт
нүүрлээд байгаа цөлжилтийн эсрэг янз бүрийн ажил зохион байгуулахаар
төлөвлөөд байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

У.Оргилмаа.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж