Мэргэжлийн талбайн теннисний оны турш болдог дөрвөн “Их дуулга” тэмцээний сүүлчийнх болох “Америкийн нээлттэй тэмцээн” энэ сарын 26-наас есдүгээр сарын 6-ны хооронд АНУ-ын Нью-Йорк хотноо болно. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн гуравт бичигдэж байсан ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова бэртлийн улмаас тэмцээнийг өнжихөөр боллоо. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө тус тэмцээнд овгоо сольж, өөрийн чихрийн брэндийн Sugarpova нэрээр оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдээд байсан. Мөн тэрбээр тус тэмцээний өмнө дасгалжуулагчаа сольж, бас нэгэн шуугианыг тариад байсан бол ийнхүү ирэх жилийн тэмцээнийг хүлээхээс өөр аргагүй боллоо.
Шарапов өнгөрөгч лхагва гаригт мөрөндөө санамсаргүй бэртэл авснаар тус тэмцээнийг орхихоор болжээ. Тэмцээний дөрөвт эрэмбэлэгдэж байсан Польшийн Агнешка Радваньска гуравт бичигдсэн байна. Эмэгтэйчүүдийг АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс тэргүүлж, Беларусын Виктория Азаренка хоёрт бичигдэж байна.
Мария Шарапова “Америкийн нээлттэй тэмцээн”-нд 2006 онд түрүүлж байсан бөгөөд дөрвөн “Их дуулга”-ад бүгдэд нь түрүүлээд байгаа. 2004 онд “Уимблдон”, 2008 онд “Австралийн нээлттэй тэмцээн”, 2012 онд Францын нээлттэй тэмцээнд түрүүлсэн бөгөөд өнгөрсөн жил Лондонгийн олимпийн их наадмаас мөнгөн медаль хүртсэн. Энэ жил Шарапова “INDIAN WELLS”, STUTTGART-т түрүүлсэн. Харин тэр энэ жилийн Францын нээлттэй тэмцээний шигшээд шалгарсан ч агуу Серена Уильямс ялагдсан бол “Уимблдон”-ы хоёрдугаар тойргоос тэмцээнийг орхисон. Гэсэн ч түүний чансаа Америкийн нээлттэй тэмцээний өмнө гурваас буугаагүй байсан.
Сануулахад, энэ жилийн "Америкийн нээлттэй тэмцээн"-ий нийт шагналын сан 34.3 сая ам.долларт хүрч, "Их дуулга"-ын түүхэн дэх дээд амжилтыг тогтоогоод байна. Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд 2,6 сая ам.долларын шагнал хүртэх бол дэд аваргууд 1,3 сая "ногоон" халааслах аж. Өнгөрсөн жилийн тус тэмцээнд түрүүлж байсан АНУ-ын Серена Уильямс, Их Британы Энди Мюррей нар 1.9 сая ам.доллар хүртэж байжээ. Тэмцээний хагас шигшээд шалгарахад 650.000 мянган, шөвгийн наймд үлдэхэд 325 мянган ам.долларын шагнал хүртэх ажээ.
Тэмцээний ганцаарчилсан төрлийн нэгдүгээр тойргийг давахад 32 мянган ам.доллар хүртэх юм байна.