Ажлын хэсэг түрээслэгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.08.24-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг түрээслэгчидтэй уулзлаа

“Нарантуул” худалдааны төвийн түрээслэгчидтэй Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулсан ажлын хэсэг, “Нарантуул” төвийн удирдлагууд өнөөдөр 12.00 цагт нөхцөл байдалтай холбоотойгоор уулзаж мэдээлэл хийлээ.

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн битүү дээвэртэй павильонд өчигдөр 06.10 цагийн үед гал гарснаар их хэмжээний хохирол учирч, хүний амь нас эрсэдсэн. Өчигдөр хэргийн газар Онцгой байдлын 650 гаруй албан хаагч ажилласан байна. Шатсан объектод их хэмжээний гал гарч, багагүй хохирол учирсан бөгөөд зоорийн давхарт 30 метрийн цөмрөлт үүсчээ. Хамгаалалтад буй объектод одоогоор нийслэлийн аврах багийн 30 гаруй аврагчид ажиллаж байна. Мөн 100 гаруй мөрдөн байцаагч, шинжээчдийн баг ажиллаж буй. Шатсан объектод лангуу түрээсэлж байсан түрээслэгчдийг хохирогчоор тогтоогоод байгаагаас тэднийг иргэний нэхэмжлэлээр тогтоон ажиллаж байна. Мөн дээрх хохирогчдоос найман хүний бүрэлдэхүүнтэй төлөөллийг хөндлөнгийн гэрчээр оруулсан байна.

Мөн энэ үеэр “Нарантуул” захын менежер н.Эрдэнэбат хэлэхдээ “Шатсан обьектод 300 гаруй түрээслэгчид байсан. Галын шалтгаан бүрэн тогтоогдсоны дараа хохирлыг хэрхэн хаанаас, барагдуулахыг мэдэгдэнэ” гэсэн байна. Одоогоор эмх замбараагүй байдал үүсгэхгүйн үүднээс задгай захад үйлчилгээ явуулж байсан түрээслэгчдийг хэсэг хэсгээр дотогш оруулан өөрсдийн барааг авахыг зөвшөөрөөд байгаа аж.

Хэргийн газраас нэг хүний цогцос олдсон бөгөөд урьдчилсан шинжилгээгээр жижиг биетэй эмэгтэй хүн байх магадлалтай гэдгийг Цагдаагийн газраас мэдээлсэн байна. 

Ням гаригт “Нарантуул” худалдааны төвийн задгай талбайд худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг нээлттэй болгохын тулд ажлын хэсэг 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн ажлын хэсгээс гурван цаг тутамд түрээслэгчидэд мэдээлэл өгч байна гэв.

Ч.БОЛ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж