Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоодоор дамжин хот руу орж ирэх машины тоо ердийн үеэс 4 дахин нэмэгджээ. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу маргаашнаас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах юм.
Маргааш буюу наймдугаар сарын 24 болон 26, 28, 30-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл, харин 8 сарын 25, 27, 29, 31-ний өдрүүдэд сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл 07:00-21:00 цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Түр хязгаарлалт нийслэлийн авто зам засвар, хот тохижилтын ажлын авто машин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын болон нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд үйлчлэхгүй. Энэ өдрүүдэд иргэд троллейбусаар үнэ төлбөргүй зорчих боломжтой гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.