Ш.Алтантуяаг хөнөөсөн хоёр цагдааг суллажээ

Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяаг хөнөөсөн хоёр цагдааг суллажээ

Малайзын Ерөнхий сайдын найзтай амрагийн холбоотой гэх Монголын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт буруутгагдан хоригдож байсан хоёр цагдааг өнөөдөр шүүхийн шийдвэрээр суллажээ. Энэхүү цагдаа нар нь 2006 онд 28 настай Ш.Алтантуяаг хулгайлж, биед нь цэргийн зориулалттай тэсрэх бөмбөг уяж, дэлбэлсэн хэрэгт буруутгагдан 2009 онд шүүхээс цаазаар авах ял сонсоод байсан аж. Гэвч давж заалдах шатны шүүхээс өмнөх шүүхийн шийдвэрийг эрс үгүйсгэж, цагдаа нар түүний биед тэсрэх бөмбөг уясан боловч түүний амийг хөнөөх зорилгогүй байсан гэж үзжээ. Түүнчлэн гэмт хэрэгтэн хоёр цагдаа нь Ш.Алтантуяаг Абдул Разак Багиндагийн гэрийн гаднаас хүчээр авч явсан ба ширэнгид аваачин дэлбэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч түүний амийг хөнөөсөн гэдгийг үгүйсгэсэн байна.

Үүний зэрэгцээ Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт тухайн үед Малайзын прокурорууд түүний амраг Абдул Разак Багинда аллагыг захиалсан гэж буруутгаж байсан юм. Гэвч 2008 онд Малайзын Дээд шүүхээс Ерөнхий сайдын итгэмжит анд Абдул Разак Багинда Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт хамааралгүй хэмээн цагаатгасан аж. Абдул Разак Багинда нь шүүхэд Ш.Алтантуяаг өөртэй нь холбоотой амрагийн явдлаа олон нийтэд зарлана хэмээн сүрдүүлж мөнгө нэхэж, элитүүдийн хамгаалалтанд ажилладаг хоёр цагдаагийн туслалцаатайгаар өөрийг нь хайж олох санаатай байсан гэж мэдэгдсэн байна.

Харин Малайзийн сөрөг хүчний нөлөө бүхий эрхэм Рафизи Рамли шүүхийн шийдвэрийн талаар “Шок & аймшиг. Ш.Алтантуяагийн хэрэг анхнаасаа үндэслэл сэдэлгүй байсан?, одоо тэд алуурчид биш” гэж твиттертээ харамсаж, гайхсан сэтгэгдэлээ бичсэн байна. Түүнчлэн Малайзын сөрөг хүчнийхний зүгээс улс төрийн томоохон хуйвалдаантай холбогдсон гэх Ш.Алтантуяагийн хэрэгт Ерөнхий сайд Назиб Разакийг ч холбоотой гэж удаа дараа мэдэгдсээр байгаа юм. Гэхдээ түүнийг улс төрийн хуйвалдаан, Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт шууд оролцсон гэх нотолгоо байхгүй байгаа аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж