940 иргэн санал хүсэлтээ илэрхийлжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

940 иргэн санал хүсэлтээ илэрхийлжээ

Нутгийн иргэний мэдээллийн мөрөөр байгаль сүйтгэж буй үйл ажиллагааг зогсоожээ

Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв”-д 8 дугаар сарын 13-22-нд 940 иргэн нийгмийн шинжтэй асуудлаар санал хүсэлтээ илэрхийлжээ.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт газрын хөрс ухаж сүйдэлж байгаа талаар малчин Н.Эрдэнэхүү мэдээлжээ. Мэдээллийн мөрөөр аймгийн мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хамтран шалгалт хийж, байгаль орчин сүйтгэсэн компанийн үйл ажиллагааг зогсоолоо гэж МХЕГ-аас хариу ирүүллээ. Хөвсгөлийн цаа буга цөөрснөөс цус ойртох үзэгдэл гарч болзошгүй байна, иймд ОХУ болон Скандиновын орнуудаас цаа буга авчран нутагшуулах хэрэгтэй гэж иргэн А.Отгон санал дэвшүүлжээ. Түүний саналыг “11 11 төв”-ийн хамт олон холбогдох байгууллагад уламжлан хүргэлээ.

Шинээр баригдаж буй цэцэрлэгүүд хугацаандаа ашиглалтад орохгүй, цэцэрлэг хүрэлцэхгүйгээс хүүхдээ бүртгүүлэхэд ачаалал үүсч, нийслэлчүүд бухимдалтай байна. Боловсрол, шинжлэх ухааны яам иргэдийн гомдлын мөрөөр тодорхой зохицуулалт хийн, хариу хүргэж байна. Орон сууцны халуун усны хязгаарлалт, Нарантуул зах дотор зам барих болон автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах шийдвэртэй холбогдуулан 400 гаруй иргэн санал бодлоо илэрхийлжээ. Зах дотор зам барих шийдвэрээ цуцлахыг Нарантуул захын түрээслэгчид хүссэн бол хичээлийн шинэ жил эхлэн ачаалал эрс нэмэгдэх үед замын хөдөлгөөний зохицуулалт хийхээр болсныг нийслэлчүүд дэмжиж байна.

“11 11 төв”-өөр дамжуулан асуудлаа шуурхай шийдвэрлүүлсэн иргэд талархлаа ирүүлсээр байдаг. Орон гэр нь шатсан иргэдийн амьжиргааг дэмжихээр төрөөс олгодог 1,2 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж авах гэж улирал дамжин хөөцөлдсөн Баянзүрх дүүргийн иргэн “11 11 төв”-д хандсанаар богино хугацаанд тэтгэмжийн мөнгөө авч, орон гэртэй болсноо дуулган талархал илэрхийлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж