Иргэдээ эр, эмээр нь ялгаж гудамжаар зорчуулъя

Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

Иргэдээ эр, эмээр нь ялгаж гудамжаар зорчуулъя

Автомашин бол хүний хэрэгцээний чухал зүйлийн нэг. Автомашинтай болсноор хүрэх гэсэн газраа хөл өвдөхгүйгээр хүрнэ. Тийм ч учраас жилээс жилд автомашины тоо хүний тооноосоо ч олон болоод байгаа. Нэг бодлын мон­голчууд хөрөнгөжиж баяжаад сайхан байна аа. Хотод түгжрэхгүй газар гэж алга. Явган хүний зам, замын бүх эгнээ, хороолол доторхи гудамж замууд бүгд түгжрээстэй. Одоо орон нут­гаас оюутнууд, тэднийг дагаад аав ээжүүд нь ирнэ. Арван хүний тав нь хувийн машинтайгаа ирнэ. Дарь-Эхийн нарийхан зам өглөө бүр түгжирнэ. Ажил албандаа яарсан хүмүүс гэр хорооллын гудамж бүрээр зөрөлдөх гэж хичээнэ. Тэгсэн ч түгжирнэ. Зам нь нарийдаж, машин нь олондоод байгаа болохоор явж болох бүхий л газраар шургах нь аргагүй. Хавар намрын цагт бол шороо тоос босгож,  гэр хорооллынхны танан цагаан таван ханатыг нь тас хар овоохой болгож орхино. Зуны цагт охид хүүхнүүд рүү ус цацан тохуурхана. Өвлийн цагт өөд уруугүй мацсаар байгаад айлуудын орц гарцыг “мөсөн коток” болгоно. Тэгэхээр явган хү-ний зам, машин зам гэж ялгалгүй хүн машин хоёр нь дуртай газраараа зорчиж байвал яасан юм бэ. Аятайхан тохиролцоод зөрөлдөөд байж болох л юм. Ямар явга­чуу­дыг нь машинтай бол, эс­вэл машинтайг нь явган яв гэлтэй биш. Нээрээ бараг ингэж шийдвэрлэж болох л юм байна. Тэртэй тэргүй автомашинтай хүмүүсийг машины дугаарынх нь сүүл­чийн оронгоор нь зааглаж, хөдөлгөөнд оруулъя гэж бай­гаа юм чинь. Аа тийм. Бас явган зорчигчдоо эрэг­тэй, эмэгтэйгээр нь ангилж, гэрээсээ гудамжинд гар­даг болгочихож болох юм байна. Тэгш тоогоор төгссөн машин, эрэгтэйчүүд өнөөдөр хөдөлгөөнд оролцоно, сондгой тоогоор төгссөн дугаартай машин, эмэг­тэйчүүд маргааш замын хөдөлгөөнд оролцоно гээд зар­лачихдаг юм бил үү. Гэх­дээ энэ өдрүүдэд машинаа ч гэсэн заавал эр эмээрээ ялгавартай унана гэж.
 

Н.БААСАНДЭМБЭРЭЛ

Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж