УИХ-ын гишүүн асан Ц.Сэдваанчиг уул уурхайд, тэр дундаа Оюутолгойд “аллерги”-тай хүн. Өнгөрөгч сонгуулиар тойрогтоо ялагдаж, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар томилогдсон. Гэвч жил гаруй болоод ажлаасаа халагдлаа. Засгийн газрын даалгавраар “Эрдэнэс Оюутолгой”-н ТУЗ хуралдаж, түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Тэр үүнд нэг их дургүйцэл илэрхийлсэнгүй. Харин ч “Миний золиос болох хамаагүй. Харин дарга нар “Рио Тинто”-гийн хүсэлтийг л биелүүлээгүй бол болох нь тэр” гэсэн юм. Найман сар гаруйн хугацаанд “Эрдэнэс Оюутолгой”-г толгойлохдоо “Рио Тинто”-д Монгол Улс хуультай гэдгийг мэдрүүлсэн, гэрээг сайжруулж болох үүдийг нээж өгсөн хэмээн хэвлэлүүд түү-нийг магтаж байна. Тэрбээр “Рио Тинто” руу нэмэлт санхүүжилтийн асуудлаар захидал бичсэн гэж хариуцлага тооцуулсан байх магадлалтай. Бас болоогүй “Ерөнхий сайдын явуул гэсэн захидлыг илгээсэн. Цаг нь болохоор энэ захидлыг дэлгэнэ” гэдгээ мэдэгдсэн. Тэр чадна. Нэг их удахгүй хэвлэлээр үнэн бодит байдлыг дэлгэн ярина гэдгээ ч нотолсон. Ц.Сэдваанчиг УИХ-ын гишүүн байхдаа байсхийгээд л Ерөнхий сайддаа асуулга хүргүүлчихдэг байсан. Ховор металл, Могойн гол, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих тухай асуудал түүний хамгийн сайн мэддэг сэдэв нь. Гольф тоглох хоббитой, Урт нэртэй хуулийн автор, “Говь”-ийн хүн, УИХ, Засгийн газарт байнга асуулга тавьдаг гээд түүнд бусдаас ялгарах онцлог бий. Ц.Сэдваанчигийг аж лаас нь үтэр түргэн чөлөөлсөн нь алдаа мадаг хаа хаанаа байсныг Засгийн газар, Ерөнхий сайд шууд хүлээн зөвшөөрсний баталгаа. Мөн үүрэг өгсөн нь биш биелүүлсэн нь хариуцлага хүлээдэг жишиг тогтсоны илэрхийлэл аж.
Б.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин