Гал гарсан газар ажиллаж байгаа Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Н.Сумъяагаас гал гарсан шалтгаан болон нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Галыг бүрэн унтраасан уу? Цагдаагийн байгууллага галын газарт хэрхэн ажиллаж байна вэ?
-Одоогоор галыг бүрэн унтрааж дуусаагүй байна. Гал гарсан газарт нийслэлийн Цагдаагийн газар болон дүүргийн цагдаагийн алба хаагчид бие бүрэлдэхүүнээрээ иргэдийг болзошгүй аюулаас хамгаалан ажиллаж байна.
-Гал гарсан шалтгааныг эхний байдлаар тогтоосон уу?
-Эхний ээлжинд галыг бүрэн унтраах шаардлагатай. Гал бүрэн унтарсны дараагаар галын хэсгийг бүрэн хамгаалалтад авч, хэргийн газарт үзлэг, шинжилгээ хийх болно. Хуулийн байгууллагынхан болон галын шинжээчдийн нэгдсэн дүгнэлт гарсны дараа гал юунаас гарсан нь тодорхой болно.
“Нарантуул” худалдааны төвийн гал гарсан тус павильонд харуулын ажилтан, цахилгаанчин болох хоёр хүн хонож ажилладаг юм байна. “Гал гарах үед энэ хоёр маань гарч амжсан. Дотор хэн нэгэн үлдээгүй” гэцгээж байсан ч 11.00 цагийн үед галын газраас хүний цогцос олдсон юм. Одоогоор амь нас эрсэдсэн талийгаачийн хэн болохыг тогтоогоогүй байгаа юм.
Галын тархалт болон гал гарсан шалтгааныг нийслэлийн Онцгой байдлын газрын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн М.Бурмаагаас тодрууллаа.
-Галыг хэзээ бүрэн унтрааж дуусах вэ?
– Одоогоор галын тархалтыг зогсоосон бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах зургаан ангийн 125 албан хаагч 16 машинтайгаар галыг унтрааж байна.
-Гал гарсан шалтгаан хэзээ тодорхой болох вэ?
-Шинжээчид үзлэг хийж байгаа. Шинжээчдийн дүгнэлт гармагц гал гарсан урьдчилсан шалтгаан тодорхой болох юм.
Түрээслэгчдийн эрх ашиг ихээр зөрчигдөж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул Нийслэлийн үйлдвэрчний холбооны дарга С.Жаргалсайхан захын уидрдлагуудтай түрээслэгчдийн асуудлаар уулзсан юм. Нийслэлийн үйлдвэрчний холбооны дарга С.Жаргалсайхан “Асуудлыг аль болох иргэдэд хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэх байх. Захын захиргаа, түрээслэгчидтэйгээ хамтын гэрээгээ хэрхэн хийснийг мэдэхгүй байна. Бид эхний ээлжинд хохирлын нийт хэмжээг тогтоосны дараа түрээслэгчдийн хүсэлтийг сонсох болно” гэв.
“Аль нэг даатгалын компанид хандаж, даатгуулж амжаагүй түрээслэгчид цөөнгүй байгаа. Даатгалгүй иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах нь тодорхойгүй байна. Даатгалын компанитай хийсэн гэрээнд тусгасан мөнгөнөөс их хэмжээний мөнгөний бараа, бүтээгдэхүүнтэй байсан. Гал гарах ч яахав. Ямар ч буруугүй байсан бидний хохирлыг хэн барагдуулах вэ” гэж тус хүнсний захын түрээслэгчид багагүй бухимдаж байсан юм. “Гал гарсан хүнсний захад албан ёсоор гэрээ байгуулсан 300 орчим түрээслэгч бий. Түрээслэгчид даатгалын компаниудтай гэрээ байгуулж, бараа бүтээгдэхүүнээ болзошгүй эрсдэлээс болгоомжлон даатгуулсан байдаг. Энэ даатгалын гэрээнд түрээслэгчид бараа бүтээгдэхүүнийхээ хэмжээ, үнийг дүнг тодорхой заан гэрээнд тусгасан болохоор хохирлын хэмжээг шийдвэрлэхэд бэрхшээл бага гарна. Тийм учраас гал юунаас болж гарсан, хэдий хэр хохирол учирсан зэргийг хууль хяналтын байгууллагынхан эцэслэн тогтоож, нэгдсэн дүгнэлт гарсны дараа түрээслэгчдийн хохирлыг гэрээнд заасны дагуу барагдуулна” гэж худалдааны төвийн удирдлагуудын зүгээс мэдэгдээд байгаа юм.

