Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа нээлтээ хийв

Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа нээлтээ хийв

Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа Чингэлтэй дүүрэгт нээлтээ хийв

Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг өчигдрөөс эхлэн ирэх сарын 5  хүртэл зохион байгуулахаар болсон. Ингэхдээ төвлөрсөн зах болон худалдааны төв рүү чиглэсэн авто замын ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрт зохион байгуулж байна. Тухайлбал, дүүрэг бүрт хоёроос  доошгүй цэгт хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн гаргах аж.  Дүүргүүдийн тухайд Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Баянгол дүүрэгт 13,14,15 дугаар хорооны Энэбишийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэгт Ажилчдын алдар талбай, Баянзүрх дүүрэгт  Жуковын музейн талбай, Сансарын тунель дээр, Сүхбаатар дүүрэгт Драмын театрын талбай, Цэрэндоржийн хөшөө, Сонгинохайрхан дүүрэгт “Саппора” үйлчилгээний төв, “Номин” агуулах худалдааны талбайд гаргахаар  тус тус шийдвэр гаргажээ. Энэхүү үзэсгэлэнгийн талаар Нийслэлийн захирагчийн албаны хүнсний худалдаа хөгжлийг хариуцсан мэргэжилтэн Я.Бадмаагаас тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ “Бидний зүгээс үзэсгэлэнд гарч байгаа хичээлийн хэрэгслүүдийг аль болох зах зээлийн үнээс хямд байлгах үүднээс судалгаа хийж байгаа.  Түүнчлэн үзэсгэлэн 14 байршилд зохион байгуулагдах бөгөөд өнөөдрийн байдлаар өчигдөр Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайд болж байна. Нөгөөтэйгүүр үзэсгэлэнд оролцох хүсэлтэй худалдааны томоохон аж ахуйн нэгжүүдийг оролцуулах болно” гэв. Ийнхүү Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаан дээр очиход хичээлийн хэрэгсэл  гэхээс илүү ноолууран хувцас, жинсэн өмд, цамц зэрэг бэлэн хувцасны лангуу ажиллаж байсан. Харин гурваас дөрвөн тооны лангуун дээр хичээлийн хэрэгсэл борлуулж байсан юм.
 
Тус үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа “Silver pen” дэлгүүрийн  борлуулалтын менежер Б.Мөнхцэцэг ийнхүү ярьсан юм.

 
Б.Мөнхцэцэг: ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ӨРГӨЖҮҮЛБЭЛ ЗҮГЭЭР

-Манай дэлгүүрийн хувьд томоохон үзэсгэлэн худалдаанд үргэлж оролцдог. Түүнчлэн худалдаанд гаргаж байгаа бүтээгдэхүүнүүдийг  хамгийн чанартай, хамгийн хямд үнээр худалдаалж байгаа гэж болно. Ер нь 10 жилийн сурагч, оюутан залууст хэрэгцээтэй байдаг хичээлийн хэрэгслүүдийг бөөний үнээр худалдаалж байна. Тухайбал, 24 хуудастай дэвтэр 350 төгрөг, 36 хуудастай дэвтэр 400 төгрөг, 48 хуудастай дэвтэр 500 төгрөг зэрэг байна.

Тэрбээр ийн ярив. Бүтээгдэхүүний хувьд Өмнөд Солонгос болон Хятадад үйлд­вэрлэсэн нь их байв. Түүнчлэн хичээлийн хэрэгслийн лангуу тун цөөхөн байсан. Өнөөдрөөс илүү өргөн болох байх. Харин иргэд уг үзэсгэлэнд худалдаалж байгаа бараа бүтгээгдэхүүнийг бусад үйлчилгээний төвтэй харьцуулахад үнэтэй гэсэн юм.
 

Чингэлтэй дүүргийн иргэн Т.Нэргүй: ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН ҮНЭ БОЛОМ­ЖИЙН БАЙНА
 

-Ерөнхийдөө үнийн хувьд хямд гэж хэлж чадахгүй. Гэхдээ энд байгаа бараануудын хувьд чанартай байх гэж бодож байна. Нөгөөтэйгүүр хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа болж байгаа гээд ирсэн боловч ихэвчлэн хувцас болон хичээлийн хэрэгслээс өөр зүйл худалдаалж байна. Хичээлийн хэрэгсэл худалдаалж байгаа хэдхэн газар л харагдаж байна. Үнийг судалж үзэхэд ер нь боломжийн байх шиг байна. Нэгдсэн зохион байгуулалттай болж байгаа учраас илүү өргөн хүрээтэй зохион байгуулбал зүгээр юм.
 

Хан-Уул дүүргийн иргэн Х.Намжид: ЗАХЫН  ХАН­ШААС ЯЛГАРАХ ЗҮЙЛГҮЙ БАЙНА

 
-Эхний өдөр болохоор оролцож байгаа газар нь бага байгаа бололтой. Би саяхан Нарантуул зах орж хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг авсан. Сая энд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн болж байгаа гэхээр ирж сонирхож үзлээ. Ер нь захын ханшнаас ялгараад байх зүйл байхгүй байна. Зарим нэг хичээлийн хэрэгслийн хувьд үнэтэй байна. Жишээлбэл үзэг харандааны сав, тэмдэглэлийн дэвтэр, олон өнгийн харандаа  зэрэг нь арай илүү үнэтэй байх шиг байна. Солонгосоос орж ирсэн гэх юм. Үнэхээр тийм бол чанартай байгаа байх. Гэхдээ хичээлийн хэрэгсэл гэсэн хэрнээ хувцас, эдлэл нь дийлэнх нь байна.

 Т.БОЛОРЦЭЦЭГ
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж