Залуухан охид, хөвгүүд хайр дурлалаас болж, насанд хүрэгчид тав гурван төгрөгийн өр зээлнээс болж, эхнэр нөхрүүд нэг нэгэндээ итгэдэггүйгээс болж, амьдрал ядуу, дутуу гацуу байна гэж гутарснаас амиа хорлогчид олон болж. Бүр сүүлдээ бага насны хүүхдүүд хүртэл амиа хорлож байна. Энэ бол улс үндэстний маань эмгэнэл. Хойд эцгийн дарамт шахалтыг үл тэвчсэн жаалхүү гэрээслэл үлдээгээд хорвоог сайн дураараа орхисон тохиолдлыг санаж байна. Хойд аав нь ээжийг нь байнга дарамталж, үр хүүхдээ зоддог байсан нь хүүгийн амиа хорлох шалтгаан болсон бөгөөд үхэл л түүнийг хойд эцгийн зэрлэг авираас салгаж чадна хэмээн аравхан настай жаалхүү сэтгэжээ. Дунд сургуулийн төгсөх ангийн дөрвөн охин нийлж архи уугаад, нэг нь ээжээсээ айсандаа есөн давхраас үсэрч амиа хорлосон хэрэг гарч байлаа. Мөн 17 настай охин “Дурлал мандтугай” гэж хэлээд өндрөөс үсэрч амиа хорлосон. 12 настай хүү амьдралаас уйдсан, ядуу амьдралаар амьдарч байгаадаа найз нараасаа ичиж байна гэсэн утгатай захидлыг ээж, аавдаа үлдээгээд өөрийгөө егүүтгэсэн. Өнгөрөгч долоодугаар сард ОХУ-ын Эрхүү мужийн шинээр баригдсан бизнес төвийн барилгын дээврээс монгол залуу үсэрч амиа хорлосон. Тэр залуу “Надад Орос оронд гомдох шалтгаан байхгүй. Би гэр бүлдээ тусалж чадахгүй байна” хэмээн хэдэнтээ хэлээд өндрөөс үсэрсэн байсан. Хүмүүс хэцүү байдлаас мултрах цорын ганц арга зам бол амиа хорлох гэж боддог. Энэ бол хэтэрхий амиа хувиа хичээсэн явдал. Өөрөө ч яах вэ, үгүй боллоо гэхэд үлдэж хоцорсон аав ээж, үр хүүхдээ яаг гэж боддог юм бол. “Муу амьд явахаар сайн үх” гэдэг үгийг ядуу амьдарч байснаас үхсэн нь дээр гэж ойлгодог юм биш байгаа. Тэгж бодож байгаа бол том эндүүрэл. Амиа хорлогчдын ихэнх нь сэтгэл санаагаа бусадтай хуваалцаж чаддаггүй, хэтэрхий дотогшоо араншинтай хүмүүс байдаг. Сэтгэлээ хэн нэгэнд нээж, ярьж зөвлөлдөж чаддаггүй бүрэг хүмүүст л амиа хорлох бодол төрдгийг сэтгэлзүйчид хэлдэг.
Зөвхөн Монголд ч бус дэлхийд амиа хорлогчид, амиа хорлохоор завдагчдын тоо байнга өсч байдаг гэсэн судалгаа бий. Дэлхийн 53 улсын дунджаар 100 мянган хүн тутмын 15,1 хувь нь амиа егүүтгэж, мөн 100 мянган эрэгтэйн 24, эмэгтэйн 6,8 хувь нь амиа хорлосон гэдэг статистик байна. Түүнчлэн дэлхийд 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэдэг бөгөөд 10-20 сая хүн амиа хорлохыг завдаж, нэг сая нь амиа хорлодог гэсэн тоон үзүүлэлтийг олж харлаа. Манай улсад 2012 онд нийтдээ 512 хүн амиа хорлосноос 50 нь бага насны хүүхэд байсан гээд бодоход бид ямар энэрэлгүй, зэрлэг нийгэмд амьдарч байна вэ гэж бодмоор.
Эдийн засаг, нийгмийн байдлаас болж бага насны хүүхдүүдийн дунд амиа хорлох явдал эрс ихэсч байгаа нь хүний төрөлхийн онцлог шинжтэй холбоотой ч өссөн орчин нь хамгийн гол нөлөө үзүүлдэг гэдгийг сэтгэлзүйчид хэлдэг. Сэтгэл гутрал, стресс, түгшүүрийг хэвийн хүлээж аваагүйгээс өөрийгөө азгүйд тооцох, санаагаар унах зэрэг сэтгэл гутралын өвчлөлийн байдалд орсноос хүндэрч хүн амиа хорлодог гэж тэд дүгнэдэг. Харин бага насны хүүхдүүд амиа хорлож байгаа шалтгааныг нийгэм хөгжиж, хүүхэд насанд маш их өөрчлөлт орж байгаатай холбон тайлбарлаж байна. Өмнө нь 14-16 насны хүүхдийг өсвөр насныхан гэдэг байсан бол одоо 12-13 насныхныг энэ ангилалд оруулж байна. Хүүхдийн оюун ухаан, сэтгэхүй өөрчлөгдсөн, өсвөр насныхан бүтэлгүй дурлал, ядуу тарчиг амьдралаас уйдсандаа ихэвчлэн амиа хорлодог гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргасан байна.
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин