Бид Оюутолгойтой ямар гэрээ байгууллаа тогтвортой байдлын гэрээ. Манайх шиг жижиг улсад энэ хэр зэрэг тохиромжтой гэрээ вэ. Яг энэ гэрээнээс болж Венесуэль улс 30-аад жилийн турш АНУ-д хулхидуулсан. Одоо дэлхий дахинд ардчилалаас зугтагч хэмээн үнэлэгдэх болсон Уго Чавез хэлэлцээрийн ширээний ард сууж, гэрээгээ дахин сайжруулснаар сүүлийн жилүүдэд Венесуэлийн эдийн засаг сэргэх төлөв ажиглагдаж байна. Африкийн орнууд ч ийм төрлийн гэрээ байгуулснаас болж, үр дүнд яаж байгааг та бүхэн бэлхнээ мэдэх байх. “Бороо Гоулд ч юм уу, Оюутолгой төсөлтэй байгуулсан шиг тогтвортой байдлын гэрээ нь зах зээлийн эдийн засгийн жам ёсыг эвдэж, цаад талдаа ашигтай байх магадлалтай. Иймд тогтвортой байдлын гэрээнээс аль олон татгалзаж, нөхцөлт гэрээг л чухалчилах хэрэгтэй” гэж АНУ-ын Иелийн их сургуулийн хууль зүйн ухааны доктор Илан Беншалом ярьлаа.
Бидэнд хэрэгтэй гэрээ бол нөхцөлт гэрээ. Товчоор хэлбэл ашгаас авах нөхцөлт гэрээ. Хэдий хэр хэмжээний ашиг авна түүгээрээ бидэнд ирэх мөнгө нь нэмэгдэнэ хэмээн ойлгож болно. Нэгэнт тогтвортой байдлын гэрээ хийчихсэн бол роялти татвар ч юм уу, эсвэл татварын хувь хэмжээгээ нэмнэ гээд дараа нь зүтгэж болохгүй. Үндэстэн дамнасан томоохон компаниуд аливаа ямар нэг улсад салбараа нээж, хөрөнгө оруулж байгаа тохиолдолд цаашдын ашгаа л бодно. Яагаад гэвэл тэд бидэн шиг л ашигтай ажиллаж, халаасанд орох хэдээ нэмэх хүсэлтэй байгаа. Ашгаа нэмэх хамгийн наад захын зүйл гэвэл аль болох бага татвар өгөх, эсвэл зугатах. Үүний тулд чадамж сайтай татварын байгууллагатай байх хэрэгтэй. Бүр эхнээсээ гэрээгээ энэ мэт зүйлсийг бодолцож байгуулах нь бидэнд тустай.
Энэ бол хамгийн парадокс ойлголт. Яагаад гэвэл эх орны тухай хамгийн их ярьдаг хүмүүс нь улстөрчид. Гэхдээ улс орны гэхээсээ илүү, өөрсдийнхөө явцуу эрх ашгаа л тэд харна. Учир нь парламентийн зөөлөн суудлыг тэд хүсч, олон жил саарал ордонд байхыг тэд хүсч байдаг. Тиймээс стратегийн томоохон гэрээ ч юм уу, ямарваа нэгэн асуудалд тэд зөвхөн өнөө маргаашаа л харна. Өнөө, маргаашдаа ашиг олж байвал цаашдаа яах нь тэдэнд хамаагүй. Хэрвээ өнөө маргаашдаа өсч байвал дараагийн сонгуульд дахин ялалт байгуулах магадлал нь ихсээд эхлэх болохоор арга ч үгүй. Тиймийн тулд татварын бодлогоор мэргэшсэн мэргэжилтэн бидэнд хэрэгтэй болоод байгаа нь гарцаагүй үнэн. “Улстөрчдийн тухайд улс орны урт хугацааны ашгийг бодохоос илүүтэй өнөө, маргаашийн их ашгийг л боддог. Энэ нь тийм ч нууц зүйл биш. Яагаад гэвэл тэд парламентын гишүүнээр сонгогдож, зөөлөн суудалдаа байнга суухыг хүсдэг. Анхнаасаа нөхцөлт гэрээг л сонгох нь хамгийн зөв алхам” гэж Илан Беншалом ярьсан юм.
Жирийн иргэдэд улстөрч, эх орон хоёрыг сонгох сонголт нь өдөр болгон тохиогоод байхгүй. Улстөрчдийн байгуулсан гэрээний үнэ цэнэ нь хэдэн жилийн дараа ирнэ. Тэр нь ард түмэнд ашигтай байх уу, улстөрчдөд ашигтай байх уу гэдэг нь цаг хугацааны саалтад мэдэгдэнэ. Ямар ч байсан Африкийн улсууд шиг, эсвэл ойрхи дорнодын улс шиг хувь заяа хүлээгээгүй байгаасай гэж залбирах тийм эрх нь жирийн иргэдэд бий.
Бидэнд хэрэгтэй зүйл нь юу вэ гэж үү. Нөхцөлт гэрээ. Тухайн уул уурхайн компани олборлолт хийгээд олсон ашгаасаа бидэнд татвар өгнө. Энэ тухайн компани, Засгийн газарт ч ашигтай сонголт. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн замнаж байгаа бодлого ч бүхэлдээ үүн рүү чиглэж байгаа аж. Хэрвээ бид өөрсдийн ирээдүй болоод, тухайн компанийн тогтвортой ажиллагааг хүсч л байгаа бол аль, алинд нь таатай бодлогыг хэрэгжүүлэх явдал. Үүнийг мөхөс би хэлээд байгаа юм биш. Дэлхийн томоохон судлаачид болоод үндэстэн дамнасан компаниуд энэ замыг сонгох болсоор уджээ. “Сүүлийн үед ашгаас хамаарсан татварын орчинг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хүсдэг болсон байна. Тухайн орд дээр ашигтай ажиллаад тодорхой хэмжээний татварыг төлөх нь тодорхой байвал хөрөнгө оруулагчид ч удаан хугацаанд тогтвортой ажиллах сонирхолтой байдаг. Энэ бол дэлхийд жишиг болж байгаа татварын чиг хандлага. Монгол ч гэсэн ойрын хугацаанд хөгжилд хүрэх гарц нь энэ байх болов уу гэж харж байна” гэж Илан Беншалом ярьсан юм.
Дэлхийн банкны гаргасан судалгаагаар томоохон бизнес эрхлэхэд тааруу орон гэж биднийг дүгнэсэн. Учир нь олон солигддог дүрэм журам, төрөөс нэхдэг бичиг цаасны хэмжээ зэрэг нь бүгд асуудалтай учраас ийм дүгнэлтэд хүрчээ. Мэдээж тоглоомонд оролцож байгаа хэн ч гэсэн тоглоомын дүрэм байнга өөрчлөгдөөд байхад дургүй нь хүрнэ. Тиймээс гарт байгаа бүх хөзрөө аваад зугатаалгах уу, татварын орчинг бүрдүүлээд, дүрмээ яг таг тогтоогоод тогловол бидэнд л ашигтай байх болно. Хэрвээ бид дүрмээ анхнаасаа ингэж тогтоосон бол Рио Тинто ч чичлүүлж, Засгийн газар нь ч муу ажилласан гэж хараалгахгүй байх хувь заяатай ч байж мэдэх юм.
P.S: АНУ-ын эрх зүйн ухааны доктор ноён Бэншалом нь 2003 онд Хэбрьюгийн их сургуулийн хуулийн тэнхмийг төгссөн. 2007 онд АНУ-ын Иелийн хуулийн их сургуульд докторын зэрэг хамгаалж, 2009 оноос Иерусалим дахь Хэбрьюгийн их сургуулийн хуулийн тэнхимд ахлах лектораар ажиллаж байна. Тэрээр олон улсын татварын тогтолцоо болон татварын бодлогын асуудлыг голлон судалдаг эрх зүйч, эрдэмтэн хүн юм. Тэрээр монголд айлчлах үеэрээ “Хөрөнгө оруулалт ба татварын эрх зүй” сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлж, Монгол Улсад цаашид хэрэгжих боломжтой татварын орчин, бодлогын талаар ярилцсан юм.