Туркийн Ерөнхийлөгчтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Туркийн Ерөнхийлөгчтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Абдулла Гүлтэй өчигдөр Истанбул
хотноо уулзлаа.
 Ерөнхийлөгч А.Гөл ах дүүгийн найрамдалт харилцаатай Монгол Улсын хүндэт
зочдыг өөрийн орондоо хүлээн авахдаа үргэлж баяртай байдаг хэмээн
яриагаа эхлэв.
“Манай улсын түүхийн анхны бичиг дурсгал Монгол Улсын нутаг дэвсгэр дээр
хадгалагдаж байгаа. Өнө эртнээс эхэлсэн найрсаг харилцаа өнөөдөр хүртэл
үргэлжилж байгаад манай ард түмэн баяртай байдаг. Таныг манай улсад
зохиогдсон АХАИБЗ-ий хуралд ирсэнд талархая. Монгол-Турк орнуудын
харилцаа, хамтын ажиллагаа зөвхөн АХАИБЗ төдийгүй, бусад олон улсын
байгууллагын үйл ажиллагаагаар дамжин хөгжих нь дамжиггүй. Эдийн засаг,
худалдааны хамтын ажиллагаа эрчимжиж байна. Би өөрийн орны бизнес
эрхлэгчдэд, танай улсын уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө
оруулахыг өөрийн биеэр зөвлөсөн. Сүүлийн жилүүдэд Монголд байгуулагдах
Турк сургууль, Туркт сурах монгол оюутнуудын тоо харилцан нэмэгдэж
байгаа нь манай улсын харилцаа боловсролын салбараар дамжин идэвхтэй
хөгжиж байгаагийн нэг илрэл юм. Би Улаанбаатар дахь ТИКА (Туркийн олон
улсын хамтын ажиллагааны байгууллага)-ынханд идэвхтэй үйл ажиллагаа
явуулахад нь тусалж дэмжиж байгаа” гэж Ерөнхийлөгч А.Гөл ярив.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эртний андын зочломтгой найрсаг
заншлаар угтаж байгаад баяртай байна гээд, АХАИБЗ-ий дээд хэмжээний
гуравдах уулзалт амжилттай боллоо гэж дүгнэв.
“Бид дэлхийн хамтын нийгэмлэгт идэвхтэй оролцож, харилцан итгэлцлээ
бэхжүүлэх ёстой. Манай, танай хоёр улс бол түүхэн харилцаатай, бидний
хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж байгаа. Монгол-Туркийн
харилцаа стратегийн иж бүрэн түншлэлд хүрэх боломжтой гэж бид үздэг юм.
Үүний тулд зарим салбаруудад улам идэвхтэй ажиллах ёстой. Хоёр улсын
Засгийн газар хоорондын худалдаа эдийн засгийн хорооны хуралдаан энэ
сард болж, тэр үеэр олон чухал шийдвэрүүдийг гаргах байх гэж бодож
байна. Манай улс дахь түүхэн дурсгалт газруудыг сэргээж , хоёр орны ард
түмний найрамдлын бэлэг тэмдэг болгон хадгалах асуудалд бид анхаарч
байгааг тэмдэглэн хэлье. Турк улсын Засгийн газар монголоос олон оюутан
тэтгэлгээр сургаж байгаад бид баяртай байдаг” гэж Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж ярилаа.

Тэрбээр мөн БНТУ-ын Ерөнхийлөгч А.Гөлийг Монгол Улсад айлчлахыг урив.
“Таны манай улсад хийх айлчлал манай хоёр орны харилцааг шинэ шатанд
гаргасан өргөн агуулгатай сайхан айлчлал болно гэж би итгэж байна” гэсэн
юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярианыхаа үеэр, монголын ард түмэн туркийн ард
түмнийг энэ бүс нутагт байгаа сайн түншлэгч найзаа гэж боддогийн адил,
туркийн ард түмэн мөн манай ард түмнийг Ази дахь сайн түнш- найзаа гэж
боддог гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Ази-Европыг холбосон өвөрмөц газар нутагтай, эдийн засгийн хөгжлөөрөө
дэлхийд 17-т орж байгаа манай улсын найрсаг түнш болох Бүгд Найрамдах
Турк Улстай харилцааг шинэ шатанд гаргах боломж бидэнд байгаа.
Уулзалтын үеэр хоёр Ерөнхийлөгч хоёр орны харилцааны шинэ шинэ боломжууд
болон олон улсын байдлын талаар харилцан санал солилцож ярилцлаа.
Ийнхүү БНТУ-ын Ерөнхийлөгч А.Гөлтэй уулзсанаар Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржийн Турк дахь ажил өндөрлөв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтанд оролцохоор
БНУзбекистан Улсын нийслэл Ташкент хотыг зорив хэмээн Монгол Улсын
Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж