Байнгын хорооны гишүүд яамны ажилтай танилцав

Хуучирсан мэдээ: 2013.08.22-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны гишүүд яамны ажилтай танилцав

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Б.Гарамгайбаатар, З.Баянсэлэнгэ, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Ц.Цолмон, Д.Ганбат нар өчигдөр /VIII.22/ “Чингис бонд”-ын хөрөнгөөс Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн явц байдалтай өдөр танилцав.

Энэ салбарт дараах таван чиглэлээр хэрэгжүүлэх төслийн санхүүжилт шийдэгдсэн байна. Үүнд:

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 126 дүгээр тогтоолоор ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 68,8 сая ам.доллар хүртэлх;

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 141 дүгээр тогтоолоор:

  • Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 27,7 сая ам.доллар хүртэл;
  • Хүлэмжийн аж ахуй байгуулахад 17,4 сая ам.доллар хүртэл;
  • Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45,0 сая ам.доллар хүртэл;
  • Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 13,5 сая ам.доллар хүртэл хөрөнгө оруулалтын зээлийг олгох шийдвэрийг тус тус гарсан.

Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн бүтэц бүрэн бүрдээгүйгээс төслийн санхүүжилт нэлээд удсан боловч энэ оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох дөрвөлсөн гэрээ”-г Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монгол Улсын Хөгжлийн банк, Голомт банк хамтран байгуулсан. Улмаар энэ сарын 15-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банк, Голомт банк хоорондын гэрээгээр төслийн нийт санхүүжилт болох 172,400,000 ам.долларыг Голомт банкинд шилжүүлсний дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх төслийн нэгжүүдээс төслүүдийг тус банкинд хүргүүлсэн талаар яамны удирдлагууд танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүд арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох ажлын талаар тайлбар авсны гадна, сурагчийн дүрэмт хувцасны чанар, үнэ, загвартай танилцлаа. Мөн фермерүүд зах зээлийн жамаар сүүний хэд хэдэн үйлдвэрт сүүгээ нийлүүлдэг байх боломжийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах, бондын хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслүүдийн үр ашиг, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, явцын талаар Байнгын хороонд сар бүр мэдээлж байх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа гэж УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын албанаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж