Арвайхээрийн замыг 10 сард ашиглалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2013.08.22-нд нийтлэгдсэн

Арвайхээрийн замыг 10 сард ашиглалтад оруулна

Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа өчигдөр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Элсэнтасархай-Хархорин чиглэлийн 77км, Элсэнтасархай-Арвайхээр чиглэлийн 40 км авто замын их засвар, шинэчлэлтийн ажилтай танилцлаа.
Элсэнтасархай-Хархорин чиглэлийн 77км авто замын их засвар, шинэчлэлийн ажлыг “Хурдны зам” ХХК гүйцэтгэхээр тендерт шалгарч 2013 оны аравдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна. Их засвар, шинэчлэлтийн ажилтай газар дээр нь танилцахад 15.6 км хучилтын ажил хийгдсэн бөгөөд батлагдсан график төлөвлөгөөнөөс 29.3 хувийн хоцрогдолтой, ажлын чанар байдал хангалтгүй байсан тул энэ талаар хатуу сануулга өгч ажлын дотоод зохион байгуулалт, менежментийг сайжруулах, засварын ажлыг эрчимжүүлж ажиллах талаар үүрэг  даалгавар өгчээ. Мөн одоогоор хийгдээд байгаа авто замын асфальтбетон хучилтын тэгш байдал хангалтгүй байгаа тул хучилтын ажлыг түр зогсоож, тэгш байдлыг хэмжих багийг газар дээр нь ажиллуулахаар Зам тээврийн яамнаас явуулжээ.

Элсэнтасархай-Арвайхээр чиглэлийн 40 км авто замын шинэчлэлийн ажлыг “Үйлсийн зам” ХХК, “Оч Наран” ХХК, “Суурь” ХХК-иудын түншлэл гүйцэтгэхээр 2013 оны аравдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй ажиллаж байна. Тус чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлын чанар байдал техникийн шаардлага, стандартын дагуу хийгдэж байгааг үнэлж батлагдсан график төлөвлөгөөнөөс 18 хувиар хоцорч байгаад анхаарч цаашид ажлаа эрчимжүүлэн улам чанартай гүйцэтгэж хугацаанд нь хүлээлгэн өгөх үүрэг даалгавар өгчээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж