Албаныхан АНУ-ыг зорьж, Оюутолгойн асуудлаар ярилцана

Хуучирсан мэдээ: 2013.08.22-нд нийтлэгдсэн

Албаныхан АНУ-ыг зорьж, Оюутолгойн асуудлаар ярилцана

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр хэвлэлийнхэнтэй уулзаж, “30 минут” уулзалтаа хийлээ. Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Оюутолгой хөрөнгө оруулалт зогсч, 1000 гаруй ажилчнаа халсан байгаа. Энэ асуудалд Засгийн газар хэрхэн анхаарал тавьж байгаа вэ?

-“Оюутолгой” компани хөрөнгө оруулалтаа зогсоосон. Оюутолгой оруулах ёстой хөрөнгө оруулалтаа оруулсан. Харин одоо гүний  уурхайд дахин хөрөнгө оруулалт оруулах эсэхийг хоёр тал ярилцаж байгаа. Энэ ажлын хүрээнд ирэх долоо хоногт далд уурхайд хөрөнгө оруулах саналын дагуу ярилцахаар манай албаныхан АНУ руу явна.  Оюутолгойн далд уурхайд дахин хөрөнгө оруулах эсэх асуудлыг удахгүй Засгийн газар шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалт зогссоноос болж 1700 гаруй ажилчин халсан гэх  асуудлаар Хөдөлмөрийн сайдтай уулзсан. Оюутолгойн үндсэн ажилтнуудаас бол 61 хүний асуудал яригдаж  байгаа юм билээ. Энэ 61 хүнийг шингээж ажиллуулах асуудал яригдаж байна.  1700 гаруй ажилчид бол туслан гүйцэтгэгч буюу замын компани, цахилгааны компанийн хүмүүс. Шинэчлэлийн засгийн газар 1700 хүний ажлын байрыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Энэ бол асуудал үүсэх зүйл биш. Болохгүй бол бид 1700 хүнтэй ярилцаж байгаад дараагийн ажлын байрыг шийднэ.

-Ирэх сард УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахаар байгаа. Засгийн газраас 2013 оны төсөвт тодотгол хийж, зардлаа танах тал дээр ажиллах уу?

-УИХ-ын ээлжит бус чуулган ирэх сарын 16-нд хуралдахаар яригдаж байгаа. Ээлжит бус  чуулганаар хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцүүлнэ. Хөрөнгө оруулагч нь гадаад ч бай, дотоод ч бай таван жилийн хугацаанд хөдөлгөөнгүй байх ёстой гэдгийг л тусгаж байгаа. Энэ хуулийг эцэслэж нэрлээгүй байна. 2013 оны Төсөвт тодотгол хийнэ гэж одоохондоо яриагүй байгаа. Ер нь бол тодотгол хийх шаардлага гарвал Засгийн газраас тодотгол оруулна.

-Оюутолгойн гүний уурхайд хөрөнгө оруулах санал гараад байгаа гэсэн. Зарим эдийн засагчид үүнийг Монгол Улсад ашиггүй байгаа гэж ярьж байна?

-Оюутолгой ил уурхайгаа ашиглах хөрөнгө оруулалтаа хийгээд дууссан. Гүний уурхай гэдэг нь доошоо газрын хүнээс олборлох уурхай. Үүнийг ашиглахын тулд нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Бид зөвшөөрөөд, хоёр талаас яриа хэлэлцээ хийж байна. Гүний уурхайд хөрөнгө оруулахад ашиггүй болно гэж байхгүй шүү дээ. Тэд авах юм аа аваад, бид ч авдаг юм аа авна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж