Хятадыг өнгөрсөн долоо хоногт дайран өнгөрсөн Ютор далайн хар шуурганы ул мөр арилаагүй байхад Трами нэртэй өөр нэг далайн шуурга гамшиг дагуулжээ. Номхон далайн бүсэд дэгдсэн Трами хэмээх далайн хар шуурга өнөөдөр Хятадад аадар бороо дагуулан ирээд байгаа аж. Трами далайн хар шуурга цагт 126 км-ийн хурдтайгаар Хятадын далайн эргийн Фужян мужийг ниргэснээс үүссэн хөрсний нуралт, үерийн улмаас 80 хүн амь үрэгдээд байгаа гэнэ. Албаныхны мэдээлснээр энэ зун үерийн улмаас Хятадад 575 хүн амь үрэгдэж, 340 хүн ор сураггүй болжээ. Түүнчлэн аадар бороо, үер усны гамшгийн улмаас 162 тэрбум юанийн эдийн засгийн хохирол амсаад байгаа аж.
Мөн Трами далайн хар шуурганы авчирсан аадар борооны улмаас Филиппиний нийслэл Манила хот гурав хоногийн турш хоёр метр хүртэлх хэмжээний үерийн усанд автаж, 17 хүн амь үрэгдэн, 1.2 сая гаруй хүн их бага хэмжээгээр хохирол амсчээ.
Үүний зэрэгцээ Хятадтай зүүн өмнөд хэсгээрээ хиллэдэг ОХУ-ын Алс Дорнодын бүс дэх Амур мөрөн үерлэсний улмаас ойролцоо орших Хабаровск хотын 40 мянган хүн оршин суугч үерт өртөж, 25 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Б.АНХТУЯА