Н.Алтанхуяг: Засгийн газрыг унтраах гэсэн хүмүүс байна

Хуучирсан мэдээ: 2013.08.22-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Засгийн газрыг унтраах гэсэн хүмүүс байна

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Долоо хоног бүрийн пүрэв гаригт товлогдсон энэхүү уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, эдийн засаг, нийгэм, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг юм.

Өнөөдрийн уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хүнд байгааг эдийн засагчид олон талаас нь тайлбарлаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа талаархи статистик судалгаа гарсан Үүнд тулгуурлаж, эдийн засгийн асуудлыг би таван зүйлээр ялгаж хэлмээр байна. Эдийн засгийн нөхцөл байдлыг таван зүйлээр жишээ авч тайлбарлаж болно. Эдийн засгийн өсөлт энэ оны эхний зургаан сарын байдлаар 11,3 хувиар өссөн. Инфляци буюу үнийн өсөлт 8,3 хувьтай байгаа. Өмнөх онд 14 хувь хүртэл өссөн байсан. Өөрөөр хэлбэл, инфляци хоёр дахин буурсан гэсэн үг. Гурав дахь үзүүлэлт нь ажлын байр. Шинэчлэлийн Засгийн газар Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулснаар ажлын байраар хангах асуудалд түлхүү анхаарсан. Үүний дүнд энэ жил 37 мянган ажлын байр бий болсон. Тиймээс эдийн засгийн төлөв байдлыг тайлбарлаж болох таван үзүүлэлтийн гурав нь нааштай үр дүнтэй байгаа гэж ойлгож болно. Харин үлдсэн хоёр үзүүлэлтэд сөрөг хандлага ажиглагдсан” гэлээ. Ерөнхий сайдын хэлснээр Гадаадын хөрөнгө оруулалт, валютын ханшийн өсөлт сөрөг үзүүлэлттэй байгаа аж.

Засгийн газрын тэргүүн мөн уулзалтын үеэр “Засгийн газрын харлуулах гэсэн, унтраах гэсэн үзэлтэй хүмүүс маш их байна.  Удахгүй бид нэг жилийнхээ хийсэн ажлыг ард түмэндээ тайлагнана. Тэр үед Шинэчлэлийн Засгийн газар юу хийсэн бэ гэдэгт ард түмэн дүнгээ тавих байх” гээд, Засгийн газрыг эдийн засгийн нөхцөл байдалтай холбон хүчээр буруутгаж байна гэх аястай байр суурь илэрхийлэв.

Хөрөнгө оруулалт гурван асуудлаас болж саатжээ

Гадаадын хөрөнгө оруулалт буурсан асуудлын талаар Ерөнхий сайд хэлэхдээ “Оюутолгойн оруулах ёстой хөрөнгө оруулалт дууссан. Одоо шинээр буюу гүний уурхайд хөрөнгө оруулалт хийх асуудлыг ярилцаж байгаа” гэв. “Хөрөнгө оруулалт буурсан нэг шалтгаан нь хөрөнгө оруулалтыг хязгаарласан гэсэн сүүлийн хоёр жил ярьсан яриа дуусаагүй байгаатай холбоотой. Урт нэртэй хуулийн хүрээнд дундаж хөрөнгө оруулалттай компаниулын үйл ажиллагаа зогссон зэрэг хүчин зүйл нөлөөлсөн” гэж Засгийн газар үзэж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Тиймээс эдгээр асуудлыг нягтлан, судалж байгаа аж Шаардлага гарвал хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-д өргөн барихаар Засгийн газар төлөвлөжээ. “Валютын ханшийн уналттай холбоотойгоор томоохон гүтгэлэгийн компанит ажил явж байна, сонин хэвлэлд буруу, зөрүү мэдээлэл төлбөртэй өгөх зэрэг асуудал гарч байна” гэх шүүмжлэлийг ч Ерөнхий сайд хэлнэ лээ. Тэрээр мөн валютын ханш өсөх үзэгдэл цагаан сар зэрэг баяр ёслол, хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө гардаг учраас эдийн засгийн энэ бараан үзэгдэл түр зуурынх гэсэн тайлбар ч хийж байлаа.

Татвар нэмэхгүй

Засгийн газар хямарсан, мөнгө олох гэж татвараа нэмэх гэж байгаа,  найман хувийн зээл дуусч байгаа гэх мэтийн сөрөг мэдээлэл Засгийн газрын эсрэг чиглэж буй. Гэтэл Ерөнхий сайд энэ бүгдийг “Нэр хүнд унагах гэсэн санаатай үйлдэл” хэмээн үзэж байгаа аж. Тухайлбал, Татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газар ажиллаж байгаа юм байна. Ингэснээр татвараас зайлсхийж, ашиг олохгүй байгаа гэсэн хуурамч тайлан гаргадаг гэх асуудалд зохицуулалт хийхэд юун түрүүнд анхаарах гэнэ.

Ерөнхий сайдын хэлснээр Засгийн газрын үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжилж, найман хувийн хүүтэй зогсохгүй, татвар нэмэгдэхгүй, бензин шатахууны үнэ нэмэгдэхгүй байх бололтой. Үүнийг тэрээр баттай хэмээн амлана лээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж