Лондонд хиймэл махны амталгаа хийжээ. Нидерландын Маастрикт хотын их сургуулийн лабораторид боловсруулсан энэхүү хиймэл мах нь ердөө 141 грамм жинтэй. Тэгсэн хэрнээ 380 гаруй сая ам.долларын өртөгтэй. Тэгээд бас энэ махны амталгаа хийх эрхийг олж авахын тулд Лондонгийн төвд байрлах нэгэн ресторан маш их үнэ төлсөн гэж байгаа. Энэ тухай мэдээг уншаад баярласан гэж жигтэйхэн. Аргагүй шүү дээ. Тэнд махны ханш манайхаас илүү үнэтэй болсон байхад хөөрч догдлохгүй гээд яах юм бэ. Монголчууд 40 сая малтай гэдэг хэрнээ дэлгүүрийн лангуун дээр зарагдаж байгаа мах үнэтэй байгааг нь гайхан шогширцгоодог хүмүүс. Заримдаа бүр гэрлийн хурдаар өсөж байгаа үнийг нь төлж дийлэхгүй, ядарч цөхрөн туйлддаг хүмүүс. Тэгэнгүүтээ гадны хөгжилтэй орнуудыг жишээ болгон ярьцгааж, сэтгэлээ тайтгаруулах дуртай. “Нөгөө муу Америкт чинь мах жигтэйхэн хямдхан байдаг гэнэ” гэж ирээд л… Тэгснээ “Аргагүй, аргагүй. Тэнд чинь онгон байгалиас хол өсгөсөн малын махаар л хооллодог юм билээ. Манайд бол тэс ондоо” гэнэ. Угтаа бол энэ нь “Бид үнэтэй ч гэсэн цэвэр махаар хооллодог” хэмээн өөрсдийгөө баясгаж байгаа хэрэг юм. Гэтэл манайхаас үнэтэй мах үйлдвэрлэсэн тухай сонсонгуут “Биднээс ядарсан хүмүүс байдаг байх нь. Бид харин ч бүр хямдхан үнээр мах худалдаж авдаг байх нь” хэмээн мөн л баясна. Ер нь тэгээд яваандаа дэлгүүрийн лангуун дээр хиймэл мах улам их тавигдах шинжтэй гэнэ. Ойрын арван жилийн дотор эсийн аргаар боловсруулсан үхэр, хонь, гахай, тахианы мах их хэмжээгээр зах зээлд гарна хэмээн “BBC” мэдээлжээ. Энэ нь 2050 он гэхэд дэлхийн махны хэрэгцээ 2000 онтой харьцуулахад хоёр дахин өсөх гэж байгаатай холбоотой ч байж болох юм. Тэр үед малынхаа тоо, толгойг улам арвин болгож аваад дэлхийн хаана ч байхгүй хямд үнээр мах худалдаж авах бололцоотой болох нь. Ямар гоё юм бэ. Хиймэл махны үйлдвэрлэл хурдхан өргөжөөсэй. Тэгвэл хямд үнээр мах авна.
Т.ЭЛИСА
Т.ЭЛИСА
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин