Ижийнхээ ачийг яалаа…

Хуучирсан мэдээ: 2013.08.21-нд нийтлэгдсэн

Ижийнхээ ачийг яалаа…

Эгч, дүү Хишгээ… Тэднийг сонсогчид нь ингэж дуудаад дасчихаж. Зулай зулайгаа гишгэж төрсөн эгч дүүс амьдрал дээр ч, тайзан дээр ч хамт байж, уянгын дуу эгшиглүүлж явна гэдэг аз жаргал.

Тэдний хоолой цээл, өвөрмөц, сонгодог. Бас тэд маш хөдөлмөрч бүсгүйчүүд.

Билүүтэй уулынхаа овоонд
Чулуу ганцыг нэмлүү дээ
Биеэ хувааж төрүүлсэн
Ижиинхээ ачийг ч яалаа даа

Алтан гандиртай талдаа
Ойрдоо би очлуу даа
Амиа хувааж төрүүлсэн
Ижийнхээ ачийг ч яалаа даа

Уйлах шиг мэлтгэнэх усандаа
Өссөн биеэ харлуу даа
Ухаанаа асгаж ургуулсан
Ижийнхээ ачийг ч яалаа даа…

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч А.Энхтайваны хөгжим “Ижийнхээ ачийг яалаа даа” хэмээх энэ сайхан дууг эгч, дүүс бүсгүйчүүд амилуулж, уянгалаг хоолойн түрлэгээрээ үзэгч, сонсогчдын сонорыг мялаах болжээ. Соёлын тэргүүний ажилтан Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр нар уг бүтээлийн зохиогчдоос “Ижийнхээ ачийг яалаа” дууг амилуулах зөвшөөрөл авсан төдийгүй Ардын жүжигчин А.Энхтайван дууг зохиомжилж, дүрсжүүлэх ажилд өөрийн биеэр тусалж, дэмжжээ.

Авьяаслаг уран бүтээлч бүсгүйчүүдийн хувьд “Бодол шиг өдрүүд” хамтарсан уран бүтээлийн цомог гаргаж, бие даасан тоглолтоо гурван удаа зохион байгуулаад байгаа юм.

Өмнө нь олон сайхан уран бүтээлчдийн өөрсдийн өнгө аясаар дуулан хүргэж байсан “Ижийнхээ ачийг яалаа” дууг монгол хүн бүр ухааран бясалгаж аялдаг, мөнхөд дуулагдах аялгуу хэмээдэг. Эгч, дүү Хишгээ нар ижийн ачийг ийн дуулжээ.

Б.ЭНХ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж