С.Буд-Эрдэнэ: Бид хүүхэлдэйн театрын шинэ үе байх болно

Хуучирсан мэдээ: 2013.08.21-нд нийтлэгдсэн

С.Буд-Эрдэнэ: Бид хүүхэлдэйн театрын шинэ үе байх болно

Оросын холбооны улсын Санкт-Петербург хотын Театр урлагийн академид дөрвөн жилийн өмнө хоёр улсын гэрээгээр арван хүүхэд суралцахаар явжээ. Тэд ирэх жил сургуулиа төгсөх бөгөөд амралтаараа ирээд буй С.Буд-Эрдэнэтэй ярилцлаа.

-Анх ОХУ-д суралцах шалгаруулалтад хэрхэн оролцож байсан бэ? Хичнээн шатны шалгаруулалтыг даваад энэхүү хөтөлбөрт хамрагдах болсон бэ?

-Анх телевизийн мэдээг сонсоод найз нөхөд маань хэлж байсан. Бас гэр бүлийнхэн маань зөвлөсөн. Ер нь бол зургаан шатны шалгаруулалтыг давсан. Орос хэлний шалгалт дараа нь ур чадвар болон авъяас, сэтгэн бодох чадвар гэх мэт зургаан шат байсан. Шалгарсан залуусаас дөрөв нь урлагийн гэр бүлээс гаралтай юм билээ.



-Яагаад  жүжигчний мэргэжлийг сонгох болов?

-Миний хувьд багаасаа жүжигчин болно гэж бодож байсан. Харин зарим шалгарсан залуус огт төсөөлөөгүй байж байгаад урлагийн сургуульд явахаар болсон гэж ярьж байсан. Тухайн үед бид нар бүгдээрээ хүүхдийн мөрөөдлөөр явж байсан даа. Бүгд энэхүү мэргэжилдээ дуртай байгаа. Мэдээж гадаад оронд суралцаж байгаа бидний хувьд мэргэжлээ сайтар эзэмшиж, Монголдоо уран бүтээлээ туурвих цаг хугацаа их ойрхон байгаа. Түүнийхээ төлөө зорьж байна.

-Сургуулиа төгсч ирээд та бүхэн Хүүхэлдэйн театрт ажиллана гэсэн байхаа?

-Тийм ээ, бид сургуулиа төгсч ирээд Хүүхэлдэйн театрт ажиллана. Эхний таван жилдээ Хүүхэлдэйн театрт ажиллахаар гэрээтэй байгаа. Маш олон зүйлсийг хийхээр төлөвлөж байна.

-Драмын театрын жүжигчид болон Хүүхэлдэйн театрын жүжигчид хоорондоо их ялгаатай байх?

-Драмын театрын жүжигчид хүний дүрд тоглодог. Харин хүүхэлдэйн театрын жүжигчид бол амьгүй зүйлийн дүрд ч тоглодог давуу талтай. Амьгүй зүйлийг өөрийнхөө сэтгэлгээгээр задалж тоглодог. Тэр утгаараа маш их чадвар шаарддаг гэх үү дээ.

-Хүүхэлдэйн жүжиг зөвхөн хүүхдүүдэд зориулагдсан биш мөн насанд хүрсэн хүмүүст зориулж тавьдаг нь давуу талтай байх?

-Хүүхэлдэйн жүжгийг хүмүүс бодохдоо нэг юмны ард очоод хүүхэлдэй хөдөлгөж хоолой хийж жүжиглэж, тоглодог гэж ойлгодог. Харин тэр цаг үе аль хэдийнээ өнгөрчихсөн. Хүүхдүүдэд болон насанд хүрсэн хүмүүст зориулсан хөтөлбөр бий. Одоо бол ОХУ-д хүүхэлдэйн урлаг дотроо олон төрлийн жанар болон маш олон салбар урлаг болон хөгжсөн. Их итгээд жанруудыг Монголд тогловол хүмүүс их гайхах байхаа.

-Монгол, ОХУ-ын урлагийг хөгжлөөр нь харьцуулвал манай улсын төвшин ямар төвшинд байна вэ?

-За яг шууд хэлж чадахгүй байна. Төрөл жанарын хувьд өөр өөр. Хүүхэлдэйн театр бол манай оронд хөгжөөд 65 жил болж байна. Энэ хугацаанд яг кино урлаг, драмын театрын хөгжилтэй харьцуулхад хөгжил бол маш хол хоцорсон. Тийм ч учраас улсаас хүртэл биднийг дэмжиж явах боломжийг олгосон. Ирэх жилээс Монголдоо ирж ажиллахдаа өөр маш олон зүйл хийнэ гэж төлөвлөж байна. Тэнд сурсан бүх л зүйлээ хүүхэлдэйн театрынхаа хөгжилд оруулна даа. Энд огт тоглогдож байгаагүй төрлүүдийг ч мөн тоглох сонирхолтой.

-ОХУ-ын их, дээд сургуулиудад сурахад монголчуудыг бага ястан гэсэн үүднээс гадуурхах хандлага байдаг гэсэн. Ер нь суралцахад хүндрэлтэй талууд олон байдаг уу?

-Тийм юм байна гэж дуулсан. Гэхдээ бусад хотуудыг бодвол бидний амьдарч буй хот өөрөө маш соёлтой хот. Урлагийн салбарууд нь маш өндөр хөгжилтэй учраас бас бусад хотуудтай харьцуулахад харьцангуй соёлтой хот шүү. Сургууль дээр бол урлагийн сургууль болоод ч тэр үү маш нээлттэй. Орос найзууд олон байгаа.

-Мэдээж арван хүн хамт байгаад үзэл бодол таарахгүй үе байдаг байлгүй. Хоорондоо хэр их нийцэж чаддаг вэ?

-Мэдээж байдаг. Гэхдээ бид нар бараг амьдралынхаа турш хамт байж хамтарч ажиллах учраас өнөөдөр хэрэлдсэн ч маргааш нь зүгээр л сайхан инээчихсэн ойлголцож чаддаг. Таарч тохирохгүй зүйлс олон байдаг ч тэр болгондоо маш сайн ойлголцох хэрэгтэй шүү дээ.

-Урлагийн сургуулийн оюутнууд сурч байх явцдаа тоглолт, фестиваль гээд олон зүйлд оролцох боломж байдаг уу?

-Жижиг олон фестивалиудад оролцдог. Бас өөр олон зүйлсэд ч мөн оролцох боломжтой байдаг. Европын холбооны улсуудаар аялан тоглолт үзэх, мөн тоглолтод оролцоход Орос оюутнуудыг улсаас нь бүх зардлыг нь даадаг юм билээ. Харин биднийг өөрсдөө зардлаа гарга гэдэг. Эсвэл улсаасаа гаргуулах шаардлага тавьдаг. Хэрвээ  боломжтой бол өөрсдөө ч гэсэн мөнгөө төлөөд явах сонирхол байдаг. Ерөнхийдөө визний төлбөрийн асуудал тулгардаг гэх үү дээ.

-Санхүү гэснээс хичээлийнхээ хажуугаар ажил хийх боломж байдаг уу? Сард хичнээн төгрөгний зардал гардаг вэ?

-Сард 200 орчим ам.доллар зарцуулдаг.  Гэхдээ хангалттай хүрэлцэхгүй ердөө л хоолны мөнгө болдог. Тэнд амьдрахад өртөг өндөртэй. Гэрийнхэн маань хэрэглээний мөнгө гэж сар бүр 200 ам.доллар явуулдаг. Сургуулиас 1000 рублийн тэтгэлэг авдаг. Бид нарын виз ажиллах эрхгүй учраас ажил хийх боломж бараг байдаггүй. Хичээл ихтэй учраас ажиллах цаг бас гарахгүй. Долоо хоногийн зургаан өдөр сургууль дээр хичээлтэй байдаг бөгөөд зөвхөн бүтэн сайн өдөр л амардаг.

-Амралтын нэг өдрөө хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Сагсан бөмбөг болон хөлбөмбөг тоглоно. Санкт-Петербург хотод 200 гаруй Монгол оюутнууд суралцдаг. Эдгээр оюутнууд маань оюутнууддаа зориулсан нөхөрлөх өдөрлөг зохиодог. Мэдээж урлагаар суралцдаг учраас бидний хувьд завгүй байдаг. Зарим оюутнуудын хичээл бол өдөр хоёр цаг гээд л тарчихдаг. Урлагийн чиглэлээр суралцаж байгаа бидний хувьд өглөөнөөс орой болтол сургууль дээрээ байх нь хэвийн гэх үү дээ. Хамгийн гоё нь хаяа багштайгаа ярьж байгаад энд тэнд тавигдаж байгаа жүжгүүдийг үзэх дуртай. Ийм боломж тэр болгон бас олдохгүй.

-Хөгжилтэй мөчүүд олон байсан байх тэр үеүүдийнхээ дурсамжаа хуваалцахгүй юу?

-Хамгийн их хөгжилтэй үе бол нэгдүгээр курс буюу сургуульдаа явах үе л байсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө юм байна. Вагоны жижигхэн цонхоор дөрвүүлээ толгойгоо гаргачихсан гэрийнхэндээ үнсүүлэх тэр үе л хамгийн хөгжилтэй байсан даа. Уг нь хөвгүүд уйлахгүй зүгээр сууж байсан юм. Гэнэт л вагон хөдлөхөд ялгаагүй бүгд л уйлсан даа. Мэдээж жаахан хүүхдүүд таньж мэдэхгүй оронд очиход хамгийн хүнд болоод хөгжилтэй үеүүд тэр үед болж өнгөрсөн. Анх очиход Орос хэлгүй байсан болохоор хамгийн наад зах нь ойлголцохоос эхлээд маш их хүндрэл гарна. Бүтэн сайн өдөр бөөнөөрөө тойрч сууж байгаад л гэр бүлийнхнийхээ тухай ярьж уйлна, инээнэ.

-Оюутны байрандаа бүгдээрээ хамт нэг өрөөнд байдаг уу?

-Эхний жил бол эрэгтэй, эмэгтэйгээрээ тус тусдаа өөр байранд байсан. Хоёрдугаар курсээс сургуулийнхаа дотуур байранд хувиарлагдаад дөрөв, дөрвөөрөө хуваагдаж орох болсон.

-Баяр ёслолоор эх орондоо ирдэг үү?

-Нэгдүгээр курст байхдаа ирж байсан. Багш нар биднийг гэрийнхнийгээ санаад хэцүү байгааг ажигласан байх. Эхний жилд нэг сар амраад ирэх боломж өгч байсан. Харин дараа жилээс нь бидний амралтын хугацаа багассан.

-Саяхан тайлан тоглолтоо тавьсан гэсэн?

-Энэ жилийг үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээлээ. Наймдугаар сарын 16-нд өөрсдийн бэлтгэсэн этюд
болон хувийн номеруудаас багтсан арав орчим үзүүлбэрээр тайлангаа тавьсан байгаа.

-Өөрсдийнхөө тухай болон ховорхон дурсамжуудаасаа хуваалцаж, хамтдаа ярилцсанд баярлалаа. Цаашдын сурлагын, уран бүтээлийн өндөр амжилт хүсье!

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж