Боломжгүйд нь үнэгүй өгөхийг судалж байна

Хуучирсан мэдээ: 2013.08.21-нд нийтлэгдсэн

Боломжгүйд нь үнэгүй өгөхийг судалж байна

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдын 73,9 хувь болох 373387 сурагчдад шинэ дүрэмт хувцас өмсгөхөөр төлөвлөжээ. Үүнээс Улаанбаатар хотод 141792 сурагч, хөдөө орон нутагт 231595 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөх аж.

Улсын хэмжээнд нийт 728336 ширхэг хувцас нийлүүлэгдэх бөгөөд үүнд пиджак, өмд, хүрэм, срочкон цамц, ноосон майк, ноосон цамц, зангиа багтаж буй юм.

Шинэ дүрэмт хувцасны үнийг өнгөрсөн оны дүрэмт хувцасны ижил төрлийн хувцасны үнэтэй харьцуулахад 10-24 мянган төгрөгийн зөрүүтэй байгаа бөгөөд энэ талаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Хятад төмс, Монгол төмс хоёрын хооронд 300 орчим төгрөгийн зөрүү байдаг шиг эх орондоо үйлдвэрлэж байгаа дүрэмт хувцсанд зөрүү гарч байгаа. Гэхдээ манай яам Нийгмийн хамгааллын яамтай хамтраад үнэхээрийн боломжгүй айлын хүүхдүүдэд дүрэмт хувцсыг үнэгүй өгөх боломжийг судалж байгаа” гэсэн юм.

Бага ангийн 1, 2, 3 дугаар ангийн 111 мянган сурагчийн дүрэмт хувцсыг наймдугаар сарын 30 гэхэд, 4, 5 дугаар ангийн 78890 сурагчийн дүрэмт хувцсыг есдүгээр сарын 15 гэхэд, дунд ангийн 126572 сурагчийн дүрэмт хувцсыг есдүгээр сарын 30 гэхэд, ахлах ангийн 56925 сурагчийн дүрэмт хувцсыг аравдугаар сарын 30 гэхэд бүрэн нийлүүлж дуусах хуваарьтайгаар ажиллаж байгаа гэнэ.

Шинэ дүрэмт хувцсыг үйлдвэрлэхэд давхцуулалгүйгээр тооцвол үндэсний 119 үйлдвэрлэгчид ажиллаж байгаа бөгөөд үүнээс хонины ноос самнахад найм, утас ээрэхэд зургаан, даавуу үйлдвэрлэхэд хоёр, оёмол хувцас үйлдвэрлэхэд 67, сүлжмэл хувцас үйлдвэрлэхэд 36 үндэсний үйлдвэрлэгчид ажиллаж байна.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж