“Фарм шоу-2013” үзэсгэлэн худалдааны үеэр Канад, ОХУ, АНУ, БНХАУ, ХБНГУ, Изриаль, Финлянд, Итали, Беларус, Украин, Польш, Япон, БНСУ, Монгол зэрэг 14 орны 90 орчим үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг танилцуулж, гурван тэрбум гаруй төгрөгийн гэрээ хэлцэл, борлуулалт хийсэн байна
Уг үзэсгэлэнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, худалдаа эрхэлдэг 20 гаруй аж, ахуйн нэгж, байгууллагууд байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, бүтээмж өндөр, ашиглалтын зардал багатай техникүүдийг дэлгэн танилцуулж, хэрэглэгчдэд технологи, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч 600 гаруй иргэд аж ахуйн нэгжийн төлөөлөл үзэсгэлэн худалдааг үзэж сонирхон, газар дээр нь гэрээ, хэлэлцээ хийж техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг худалдан авсан байна.
Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр технологийн үзүүлэх сургалт, таримал ургамлын нутагшсан болон ирээдүйтэй сортын танилцуулга, тариаланчид, ногоочид, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан сургалт, гурилын болон хүнсний боловсруулах үйлдвэртэй танилцах аялал, ургац хураалтын зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөний үеэр ургац хураалтанд баримтлах технологийн зөвлөмж, төрөөс газар тариалангийн салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулга, намрын улирлын цаг уурын төлөв зэрэг илтгэлүүд танилцагдаж төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, тариаланчид, гурил үйлдвэрлэгчид харилцан санал солилцов.
Энэ удаагийн “Фарм шоу-2013” үзэсгэлэн, арга хэмжээ Тариаланчдад техник, технологийн оновчтой сонголт хийх, үрийн шинэчлэл хийх, харилцан туршлага солилцох, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд бүтээлчээр хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулан бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, мэдлэгт суурилсан үйлдвэрлэл эрхлэхэд чиглэгдлээ.