Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 116 нэрийн 1 сая 359 мянган сурах бичиг, 28 нэрийн багшийн ном хэвлэхэд 3,2 тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Үүнээс бага ангийн 38 нэрийг, дунд ахлах ангийн шинээр зохиосон 24 нэрийн сурах бичгийг хэвлэн нийлүүлж дууссан байна.
Мөн эцэг эх нь худалдан авах боломж муутай дунд, ахлах ангийн сурагчдад сургуулийн номын сангаар дамжуулан үнэ төлбөргүй хэрэглүүлэх 75 нэрийн 227100 ширхэг сурах бичгийг нийлүүлж дууссан байна.
Нийт сурагчдийн 86,8 хувь буюу 10 хүүхэд тутмын 8 нь төрийн дэмжлэгтэйгээр бүх сурах бичгээрээ хангагдсан бөгөөд өнгөрсөн оноос 21,2 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, бага ангийн бүх сурагч сурах бичгээр үнэ төлбөргүйгээр хангагдаж байгаа бол, дунд ахлах ангийн нийт сурагчдын 40 хувь болох 104382 сурагч тухайн ангид судлах бүх хичээлийн сурах бичгээ багцаар нь үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой аж. Түүнчлэн дунд ахлах ангийн нийт сурагчдийн 46,8 хувь болох 122127 сурагч сурах бичгээ сургуулиасаа түрээслэн хэрэглэх ба түрээсийн төлбөрт нийт багц ном ашигласныхаа төлөө 9000-18000 төгрөгийг төлөх юм. Жишээ нь 11-р ангийн сурагч 42 мянган төгрөгийн үнэ бүхий 12 нэрийн сурах бичгийг багцаар нь 10500-16800 төгрөгөөр түрээслэх аж.