Монгол Улсын ЭМЯ, Италийн АИФО төрийн бус байгууллага, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд тулгуурлан сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөр, “Оюуны дархлаа” төрийн бус байгууллага нийт сонины сэтгүүлчдийн дунд шилдэг бичлэгийн уралдаан зарлажээ. Уралдааныг тавдугаар сарын 25-наас долдугаар сарын 5-ны хооронд зарлаж байгаа аж. Уралдааны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд тулгуурлан сэргээн засах хандлагын тухай ойлголтыг олон нийтэд хүргэхэд оршиж буй гэнэ. Түүнчлэн НҮБ-аас батлан гаргасан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенцийг сурталчилан таниулж, түүнийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын төр засаг, төрийн бус байгууллагуудын зүгээс хийж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэхийн тулд нийгэм хамт олонд тулгуурлан сэргээн засах чиг хандлагыг хэрхэн ашиглаж байгаа талаар мэдээлэх зорилготой юм байна.
Уралдаанд оролцох сэтгүүлчид дээр дурдсан зорилгыг агуулсан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрал, үйл ажиллагааг сурталчилан таниулсан, тэдний сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх эрхийн талаар хөндсөн, нийгмийн хамгаалал, хүний эрх, ялгаварлан гадуурхахгүй байх үзэл санааг агуулсан сурвалжлага, ярилцлага, тэмдэглэл, хөрөг найруулал гэх мэт сэтгүүл зүйн бүх төрөл жанраар бэлтгэж, сонинд хэвлэгдсэн хоёроос доошгүй бүтээлийг ирүүлэх ёстой аж. Нэгдүгээр байранд шалгарсан бүтээлийг 300 мянган төгрөг, хоёрдугаар байрт 200 мянган төгрөг өгөх аж.
Л.ХАЛИУ