Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-д ажлаа эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.20-нд нийтлэгдсэн

Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-д ажлаа эхэлжээ

НИТХ-ын дарга , Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийн ажлын явцтай танилцлаа.  БЗД-ийн 8,16 дугаар хороо Батлан хамгаалах орчмын 93,8 га газарт  “Баганат өргөө”, "Гангар инвест" компаниуд төсөл хэрэгжүүлж байгаа юм. “Багнат өргөө” компанийн хувьд 32 айлын газар чөлөөлж, ажлаа эхлүүлсэн байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон трассын зургаа батлуулж одоо БХБЯ-ны "Дэд бүтэц" төсөлтэй хийх гэрээ зурагдахаар хүлээгдэж байгаа юм байна. Харин “Гангар инвест” компани нь нийт 39 га газарт дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэх бөгөөд энэ хэсэгт 400 гаруй айл, ерөнхий боловсролын 1 сургууль, 30 аж ахуйн нэгж хамрагддаг байна.

Төсөл хэрэгжсэнээр энэ хэсэгт явган хүний зам талбай, ногоон байгууламж, ерөнхий боловсролын сургууль, кинотеатр, усан бассейн гээд нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэх юм. Одоогоор 12 айлын газрыг эзэнтэй нь тохирон чөлөөлж орон сууц барих шаваа тавьжээ. Эхний ээлжинд БЗД-ийн 8-р хороонд 3 блок бүхий 12 давхар орон сууцыг ирэх жилийн 10 сард ашиглалтад  оруулахаар төлөвлөсөн байна. Гэхдээ барилгын ажлын явцад саад бэрхшээл гарахгүй бол төлөвлөж байгаа хугацаанаасаа өмнө ашиглалтад оруулахаар зорьж байна гэдгээ  “Гангар Инвест”-ийнхэн хэлж байсан юм. Энэ хэсгийн дахин төлөвлөлтөд орж байгаа айлууд маш идэвхтэй, санаачлагатай энэхүү бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа гэдгийг тэд мөн онцолж байсан юм.  

Харин Сүхбаатар дүүргийн 9,10,11,12–р хороо, 7 дугаар хороолол орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх эрхийг иргэдийн оролцоотойгоор  “Бэрэн” компани авсан байна. Тус компани 150 айл өрхтэй арилжааны гэрээ хийж бүтээн байгуулалт хийх газраа бүрэн чөлөөлжээ. Одоогоор 4 блок дээр бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаагаас гадна зам тавих талбай дээрх 5 айлыг нүүлгэхээр тохиролцсон байгаа юм байна. Хэрвээ эдгээр айлуудыг нүүлгэчихвэл 700м авто зам тавих ажлыг эхлүүлэхэд бэлэн байгаа гэж тэд НИТХ-ын даргад танилцууллаа.  Орон сууцны 7 дугаар хороололд 800 хүүхдийн сургууль,  250 хүүхдийн цэцэрлэг,  360 айлын орон сууцны барилга,  авто зам, амралт тоглоомын талбай,  ногоон байгууламж зэргийг  барьж байгуулахаар төлөвлөсөн байна.

Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 72 дугаар сургууль орчмын  15,0 га газарт  дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг “Асар өргөө”, “Буурал сутай”,  компаниуд авсан юм.  “Буурал Сутай” компанийн хувьд одоогоор 7 айлын газрыг чөлөөлсөн барилгын сууриа тавиад эхэлчихсэн байна. Цахилгааны тооцоо зөрсөн учир дэд бүтцийн төлөвлөлтийг  НЕТГ-аар дахин хянуулж байгаа юм байна. Эхний орон сууцыг  ирэх жилийн 4-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлээс шалтгаалах бүх ажлыг бид хугацаа алдалгүй шийдвэрлэж байгаа. Хамгийн гол нь та бүхэн шинээр барих орон сууцны чанарт онцгой анхаарах хэрэгтэй. Иргэдийг ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангах эрх, бас үүргийг та бүхэнд өгсөн учраас  төлөвлөсөн хугацаандаа эхний бүтээн байгуулалтын ажлаа дуусгах хэрэгтэй гэдийг төсөл хэрэжгүүлэх аж ахуйн нэгжүүдэд хэлж байсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж