Төрийн компаниудын тансаглалыг хумина

Хуучирсан мэдээ: 2013.08.20-нд нийтлэгдсэн

Төрийн компаниудын тансаглалыг хумина

Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр хэвлэлийнхэнтэй уулзаж, алдагдалтай ажиллаж байгаа компаниудын менежментийг сайжруулж, тэдний хэрээс хэтэрсэн тансаглалыг хумина гэдгээ мэдэгдлээ.  Төрийн өмчийн болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд Төрийн өмчийн хорооноос  шалгалт хийсэн бөгөөд багагүй зөрчил дутагдал илэрсэн учраас ийнхүү арга хэмжээ авахаар шийдсэн байна.  Үүний тулд эхлээд төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох, удирдалгуудынх нь өмчөө гэх сэтгэлгүй хар амиа бодсон байдлыг зогсоохоо Төрийн өмчийн хорооны дарга  Д.Цогтбаатар мэдэгдлээ.

Өнгөрсөн онд төрийн өмчит 14 компани алдагдалтай ажилласан бөгөөд алдагдлынх нь хэмжээ 50 тэрбумд хүрч байгаа гэдгийг ч тэрбээр хэлсэн.  Компаниудын алдагдлын шалтгаан юу байв гэдгийг судалж, ажлын хэсэг гарган энэ асуудлыг хариуцуулахаар болжээ. Ажлын хэсгийн ахлагчаар өөрөө ажиллахаа мэдэгдлээ.  Дарга нарт нь  илүү боломж олддог, илүү шагнал, цалин авдаг тогтолцоог өөрчилж ажилчид руугаа хандсан менежментийг бий болгож, компанидын дарга нарын тайланг жил жилд хэлэлцэж, болохгүй, бүтэхгүй байгаа нь ажлаас нь шууд чөлөөлдөг, хариуцлага тооцдог арга хэмжээ авахаа ч илэрхийлсэн юм. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн компаниудын бүх захиралууд солигдсон, хөдөлмөрийн гэрээгээ хийгээд явж байгаа юм байна. Ажиллаж чаддаг нь ажил, чадахгүй бол өөр хүнд зайгаа тавьж өг гэсэн ийм л тогтолцоо руу орох ёстой гэдгээ ТӨХ-ны удирдлагууд мэдэгдлээ.  Харин “Жаст” болон “Эрдэнэт”-тэй холбоотой, өмнөх даргын мөнгө угаасан гэх хэргийг хууль хяналтынхны шийдвэрлэх асуудал хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Н.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж