&#34Төр, хувийн хэвшил харилцан уялдаатай байж хөгжинө&#34

Хуучирсан мэдээ: 2013.08.20-нд нийтлэгдсэн

&#34Төр, хувийн хэвшил харилцан уялдаатай байж хөгжинө&#34

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатартай бизнесийн орчин, төрийн оролцоо, татварын багц хуулийн талаар цөөн хором ярилцлаа.

-Монгол улс жижиглэн худалдаа хийхэд таатай орноор шалгарсан мөртлөө том бизнес эрхлэхэд тохиромжгүй орон гэсэн судалгаа гарсан байна лээ. Энэ бол Дэлхийн банкны судалгаа. Төрөөс хувийн хэвшлийг 2009 оноос эхлэн гурван үе шат бүхий арга хэмжээг гарган ажиллаж байгаа. Ер нь үр дүн ямар байгаа вэ?

-Дэлхийн банкны судалгааг хараахан үзэж амжаагүй байна. Ер нь гадаадын, олон улсын байгууллагын хийсэн элдвийн судалгаанд бид итгээд, тэр дүгнэлтээр нь ажиллаад байж болохгүй гэдэг нь бид нарт ойлгогдоод удаж байна. Монгол Улсын бодлоготой холбоотой гадны байгууллагын хийсэн судалгаанд бид бүхэн ул суурьтай хандах ёстой. Монголын хувьд худалдаа хийхэд таатай, аж үйлдвэр хөгжихөд тааруу гэж дүгнэж байгаа бол учир дутагдалтай л дүгнэлт гэж харж байна. Монгол Улсын сүүлийн найман жилийн засгийн газар бизнесийн орчиныг дэмжих талаар өөрс, өөрсдийнхөө хүрээнд, өөрсдийн хүч бололцоонд тулгуурлан тодорхой арга хэмжээг аваад эхэлсэн. 2009 оноос хойш хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн гурван үе шаттай арга хэмжээг аваад эхэллээ. Энэ хүрээнд аж үйлдвэр, орон сууцны салбарыг дэмжсэн хөнгөлөлттэй зээл, зээлийн хүүг 7 хувьд багтаах ажил хэргийг эхнээсээ хэрэгжүүлээд эхэлсэн шүү дээ. Шинэчлэлийн засгийн газар ч гэсэн энэ талаар тодорхой ажлуудыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийлээ. Энэ ажлын үр дүн амьдрал хэрэгжих хугацаан нь хараахан болоогүй байна. Гэхдээ төрийн зүгээс тодорхой хугацаанд аж үйлдвэрийн салбарыг дэмжих бодлого баримталдаг мөртлөө урт хугацаанд ямар бодлого баримтлах талаар байдаггүй. Түр хугацаанд анхаараад хэтдээ анхаарахгүй мэт тийм бодлого явуулдаг. Энэ нь л учир дутагдалтай.

-Ажил олгогч эздийн холбоог тэргүүлдэг хүний хувьд асуухад Монгол Улсад хувийн хэвшил чөлөөтэй ажиллаж байгаа юу?

-Ер нь бол өнгөрсөн 20 жилд барьж байгаа бодлого бол хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлье, төрөөс хараат бус эдийн засгийг бий болгоё гэж л хөгжиж ирсэн. Үүн дээр суурилсан олон арга хэмжээг авсан, үр дүнд нь Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг хувийн хэвшил гаргаж байна. Гэхдээ сүүлийн үед олон улсын төвшинд төрь хувийн хэвшил хоёр хамтрах орчинг сайжруулах эрэл хайгуул цоо шинээр эхэллээ. Өөрөөр хэлбэл нэг компани шиг улсыг удирддаг байсан систем 20 жилийн өмнө дампуурсан. Нэг том компани дампуурахаар улс нь дампуурах гээд байдаг сонгодог капитализм нь болохоо байчихсан. Тэгэхээр төр, хувийн хэвшил хоорондоо уялдсан, тус, тусынхаа үйл ажиллагаанд хязгаартай хяналт тавьдаг ийм тогтолцоог бий болгох үйл хэрэг дэлхий даяар өрнөж байна. Гэхдээ үүн дээр зарим улстөрчид социализмыг сэргээх гээд байн гэж хардаг. Ийм зүйл байдаггүй юм. Төрийн оролцоо нь ч хязгаартай, хувийн хэвшил нь ч хариуцлагатай хязгаартай оролцдог замаар л цаашдаа хөгжих ёстой. Хэрвээ ингэх юм бол бололцоотой хөрөнгө төвлөрнө, улс орон хөгжинө. Энэ бол яг одоо дэлхий нийт замнаж байгаа замнал. Бид ч үүнээс хоцорч болохгүй. Энэ балансыг хангасан нэг бодлого боловсруулсан нь 1,5 тэрбумын бондод төр 30 хувийн хязгаар тавьсан. Төр нь 30, хувийн хэвшил нь 70 хувь байхаар хувийн хэвшил, төрийн баланс нь яг таарч байгаа. Үүн шиг л олон төсөл хөтөлбөрийг боловсруулах нь монголын ирээдүйд ашигтай. Нөгөөтэйгүүр томоохон төсөл хөтөлбөр, өрсөлдөх чадварын тухай яриад эхлэхээр хувийн хэвшил нь өөрөө төлөвшөөгүй байдаг. Хувийн хэвшлийн оролцоог сайжруулъя гэхээр чанартай, чадвартай компани байдаггүй. Би зөвхөн хувийн хэвшлийнхэнийг муулаад байгаа юм биш. Одоо байгаа төвшин нь л ийм байгаа юм. Тиймээс хувийн хэвшлийг сайжруулах, чадавхжуулах талаар тодорхой арга хэмжээг авах ёстой. Ний нуугүй хэлэхэд томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадалтай томоохон компани ер нь байхгүй дээ. Хуруу дарам цөөхөн байгаа. Нэн даруйд бид ийм чадвартай компанийг төлөвшүүлэх ёстой.

-Монгол Улсын ерөнхийлөгч нэг ийм үг хэлсэн. Томоохон компаниуд ард иргэдэд нээлттэй хувьцаа гаргах хэрэгтэй гэж. Хөрөнгийн биржид хувьцаа нь нээлттэй байгаа нөхцөлд тухайн компани ард нийтийн өмнө хариуцлага хүлээнэ гэсэн утгатайн үг хэлсэн. Үүнийг та юу гэж дүгнэх вэ?

-Энэ бол сонгодог л арга барил. АНУ-ын бүх компани хувьцаагаа нээлттэй байршуулж байна. Түүнийг тухайн улсын иргэд нь ч, гадныхан ч авах нь нээлттэй байдаг. Энэ нь нэг талаас компанийн удирдлага бизнес эрхлэхэд олон нийтийн оролцоо сайжирч хяналт бий болно нөгөө талаас том компаниудын эзэд олон хүний өмнө хариуцлага хүлээдэг болох ийм л үр дүнтэй. Манай байгууллагын хувьд ерөнхийлөгчийн хэлж буй санааг дэмжиж байгаа. Гагцхүү үүнийг хэн хянах вэ, хариуцлагыг хэр зэрэг бүрдүүлэх вэ, хөрөнгийн зах зээлийн талаар манай ард иргэд хэр зэрэг мэдээлэлтэй байгаа вэ. Энэ бүх тодорхойгүй асуудлыг бүгдийг нь тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүйгээр шууд л бүх хувьцааг байршуулаад, бүгдийг нь ард иргэдэд өгч болохгүй. Бирж дээр гаргаад түүнийг нь хүссэн нэг нь авдаг тогтолцоо руу орох нь зүйтэй. Гэхдээ наана нь шийдэх олон асуудлууд бий. Хамгийн гол нь цаг хугацаа л бидэнд хэрэгтэй.

-Нам дагасан хувийн хэвшлүүд, намын лидерүүдийг дагасан хүмүүсийн бизнес цэцэглэдэг. Тендерт ялалт байгуулдаг хэлтгий тогтолцоо цэцэглээд байгаа. Ийм хардалт ч олон нийтийн дунд байдаг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Улсын төсвөөс хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдэд иймэрхүү хардалт их байдаг. Үүнээс гарах нэг л арга зам бий. Энэ нь ердөө л ил тод байдал. Тендерт ямар компани оролцов, хэн шалгарав, шалгаруулах комисст хэн, хэн байв, энэ дотор хөндлөнгийн төлөөлөл хэр зэрэг оролцов гэсэн энэ бүх мэдээллүүдийг ил тод болгочихвол энэ бүх хардалтууд аяндаа арилна. Миний хувьд засгийн газрын оролцоотой томоохон төсөл хөтөлбөрт эрх барьж байгаа намын оролцоо байдаг. Оролцсоор ч ирсэн, цаашдаа ч ийм зүйл байна. Үүнийг арилгах цорын ганц боломж нь л нээлттэй, ил тод байдал. Нөгөөтэйгүүр жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээл, хөнгөлөлттэй зээл тусламжинд олон хүнийг хамруулж байгаа. Гэхдээ зээл тусламжинд хамрагдсан нь таг чиг болдог, хамрагдаагүй нь зарга хөөгөөд явдаг ийм тогтолцоо бий болоод удлаа. Засгийн газар нь зээл өгсөндөө анхаарал хандуулдаг, зээл авсан нь хариуцлага хүлээдэг байх нь хэн, хэндээ ашигтай.

-Сүүлийн үед татварын дарамт багассан учраас татвараас олох орлого нэмэгдсэн гэж ярьдаг. Жижиг компаниуд татварын дарамтаас ангид байж чадаж байгаа юу?

-Үе, үеийн засгийн газар татварын таатай орчинг бүрдүүлэхийн тулд үе шаттай бодлого хэрэгжүүлсэн. Үүний ч үр дүнд 2009 оноос хойш дотоодийн нийт бүтээгдэхүүн, бүртгэлтэй аж ахуй нэгжийн тоо, татварын орлого нэмэгдэж байгаа. Мэдээж татварын орчин л таатай болохоор ийм үр дүн гарч байгаа байх. Гэхдээ сүүлийн үед татварын алба сайн ажилласан гэх хэргэм зүүх гээд байдаг болсон. Үнэн хэрэгтээ татварын албаны мундагт, татварын байцаагчийн сайнд энэ бүх зүйл өсөөгүй. Одоо бид нэг л зүйлийг хийх хэрэгтэй. Энэ татварын орчинг тогтвортой л барих хэрэгтэй. Бидэнд ирсэн мэдээгээр Сангийн яам татварын багц хуулийн төслийг яаман дээрээ хэлэлцүүлж байгаа. Энэ хүрээнд 16 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Гол санаа нь татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл улсын төсөвт орж байгаа мөнгийг нэмэгдүүлэхийн тулд татвараа өсгөх гэж байгаа хуулиад байна лээ. Энэ бол үнэхээр харамсалтай. Ийм замаар төр нь баялаг бүтээж байгаа хэсэг рүүгээ дайрсан, татвараар дарамталсан бодлогоор Монгол Улсыг хөгжүүлж чадахгүй. Харин үүний оронд ашиглахад бэлэн болчихсон аж үйлдвэрийг дэмжиж, татварын бааз суурийг бэхжүүлэх нь зөв алхам. Манай байгууллагын зүгээс Татварын багц хуулийг хэлэлцэх цаг нь болоогүй гэж үзэж байгаа. Хямрал хаяанд тулаад байгаа энэ цаг үед үүнийг ярилцах нь үнэхээр буруу.

-Монголын эдийн засгийн форумаар “Монгол бренд” гэх үг моодонд орлоо. Манай улсад иймэрхүү том бренд гаргачихаар чадалтай, чансаатай компани хэр зэрэг байгаа вэ?

-Брендийг ямар цаг хугацаанд, хэр зэрэг хүч хөдөлмөр зарцуулж байж гаргадаг вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Томоохон судлаачид, төрийн зохицуулалт, хөрөнгө мөнгө зарцуулж байж дэлхийд өрсөлдөх брендийг гаргана. Үүнийг ганцхан аж ахуйн нэгж, хувийн хэвшил дангаараа хийж чадахгүй. Монгол брендийг гаргахын тулд бүх монголчууд л зүтгэх хэрэгтэй. Монголд бренд болох олон зүйлүүд бий шүү дээ. Мал аж ахуйн бүтээгдэхүүнүүд, ноолуур, аялал жуулчлал, сүү сүүн бүтээгдэхүүн гээд л. Бид хөдөө аж ахуйн яамтай хамтраад ирэх онд болох аж үйлдвэрийн 80 жилийн ойг угтаж, монголын аж үйлдвэрийн шинэ эрин үе форумыг зохион байгуулж, тайлангаа гаргана. Үүний хүрээнд бид брендийг бий болгоход юу хийх хэрэгтэй вэ? Бид юун дээр нэгдэх вэ гэдэг дээр ярилцана. Хэрвээ тухайлсан ганцхан зүйл дээр анхаарлаа хандуулбал олон юманд хүчээ тарамдахгүйгээр хурдан хугацаанд хөгжүүлэх боломжтой.

-Монголын төр уул уурхайгаас ашиг олоод, эдийн засаг нь хөгжиж байгаа болохоор энэ салбарт яалт ч үгүй анхаараад байна. Тийм ч учраас уул уурхайг түшиглэсэн хувийн хэвшилийг дэмжээд бусдыг нь орхигдуулаад байгаа юм шиг ажиглагддаг. Ийм байх ёстой юм уу?

-Монголын эдийн засгийг хөгжүүлье гэвэл ямар нэгэн зүйл дээр суурилах шаардлагатай болно. Одоохондоо хөрөнгө оруулаад баялаг бүтээдэг, улс орныг чирэх боломжтой салбар нь уул уурхай, аж үйлдвэрийн салбар байгаа. Уран, занар, нүүрс, алт, зэс зэргийг ямар менежментээр, ямар арга барилаар, хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг нь өөр асуудал. Энэ салбараас гарч ирж буй ашгаа бусад салбар руугаа тараая. Энэ л манай улсад ашигтай. Уул уурхайн салбарын өсөлт нь эдийн засагт өгөх өгөөж, ард түмэнд хүртэх хүртээмжийн хувьд шууд гарч ирдэггүй. Эдийн засгийг одоо ч 14 хувиар өсгөж байгаа. Тодорхой хугацааны дараа ашиг нь бидний түрүүвчинд орно.

-Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ тогтворгүй байдаг. Өөр чиглэлийнхэн компаниа өргөжүүлээд явъя гэвэл манайд боломж нь бий юу? Тухайлбал IT чиглэлийнхэн ч юм уу?

-Боломж нь байгаа. Үүнд төрийн дэмжлэг хэрэгтэй. Өөр чиглэлээр төрөлжихийн тулд боловсон хүчнийг л сайн бэлдэх хэрэгтэй болно. Оюутолгой газар ухаж байж, 30 гаруй сая долларын тухай ярих биш, оюун зарсан, амьдралд хэрэгтэй бизнесээр 50-100 тэрбум долларын тухай ярих тийм том бизнесийг бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл хөвж байгаа тэр их мөнгөнөөс атгадаг чадвартай болох ёстой. Одоо бол бид атгасан мөнгийг л тосож гүйлдээд байгаа шүү дээ.

-Хувийн хэвшлийг хөгжүүлэхэд хүн зайлшгүй хэрэгтэй. Ер нь хувийн хэвшлийнхэнд хүн хэр зэрэг оногдож байна. Хүмүүс байна уу?

-Монголын хувийн хэвшлийг хөгжүүлэх, таатай орчинг бүрдүүлэх талаар олон жил ярьсан. Төрөөс хувийн хэвшлийнхэн мөнгө өг, бондын мөнгийг өг гэж гуйгаагүй. Бидэнд өнөөдөр мэргэжилтэй боловсон хүчин, чадварлаг хүний нөөц дутмаг байгаа. Үүнийг хувийн хэвшил дангаараа барахгүй. Төрийн оролцоотойгоор л хүний нөөцийг чадваржуулдаг, бүрдүүлдэг юм. Хувийн хэвшил үүнд хамтарч оролцож байж л хүний нөөцийг бий болгоно. Үнэн хэрэгтээ монголын эдийн засгийг чирдэг томоохон компаниудыг олон болгох хэрэгтэй. Таван том компани дэлхийн эдийн засагт томоохон тоглогч болоод гараад ирвэл олон толгойн хэрэг ч байхгүй. Тэднээс илүү ашгийг олж, ард иргэдэд түгээж чадна. Гагцхүү бид үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжих ёстой. Иймэрхүү бодлогыг ч төр засгийн зүгээс хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгж байж бид хувийн хэвшлээ чадавхжуулна, эдийн засгаа хөгжүүлнэ.

С.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж