МУИС сургалтын төлбөрийг ялгавартай тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2013.08.20-нд нийтлэгдсэн

МУИС сургалтын төлбөрийг ялгавартай тогтоолоо

МУИС-ийн бакалаврын түвшний сургалтын төлбөрийг
ялгавартай тогтоолоо


МУИС ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөө шинэчлэн тогтоосонтой холбогдуулж Эдийн засаг, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал, доктор Ч.Нарантуяагаас энэ талаар тодрууллаа.

-МУИС сургалтын төлбөрөө шинэчлэн тогтоолоо. Ирэх хичээлийн жилд төлбөр яг хэд болох вэ?

-Хэд хоногийн өмнө манай сургуулийн Удирдах зөвлөл хуралдаж 2013-14 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийг шинэчлэн тогтоосон. Ингэхдээ мэргэжил болон ангиар ялгавартай тогтоосон.  Тухайлбал, эдийн засаг, бизнес, мөн хууль, олон улсын харилцаа зэрэг мэргэжлийн хөтөлбөрүүдийн төлбөр илүү ихээр өсч, харин байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны хөтөлбөрийн төлбөр харьцангуй багаар нэмэгдсэн.  Ангийн хувьд ирэх хичээлийн жилд шинээр элсэгчдийн төлбөр илүү ихээр, харин үргэлжлүүлэн суралцагсадын төлбөр багаар нэмэгдэж байна.  Ирэх хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцаж байгаа оюутан 1.4 орчим сая төгрөг төлнө. Харин шинээр элсэгчид хөтөлбөрөөсөө хамаараад 1.6 – 2.1 сая төгрөг дунджаар төлөх юм.  Дунджаар гэдэг нь жилийн 30 кредит цагийн хичээл үзвэл гэсэн үг.  Түүнээс бага үзвэл төлбөр мөн багасна. Оюутан өөрөө хичээлээ сонгож төлбөрөө мөн уян хатан зохицуулах боломжтой.  Ерөнхий дүнгээрээ авч үзвэл МУИС-ийн хэмжээгээр төлбөр 16.7 хувь өссөн.

-Ингэж ялгавартай тогтоох шалтгаан нь юунд байна вэ?

-МУИС-аас санал болгож буй хөтөлбөрүүд өртөг, эрэлт нийлүүлэлт, чанарын хувьд ихээхэн ялгаатай байгаа.  Тухайлбал манай эдийн засаг, бизнесийн хөтөлбөрүүд АНУ-ын бизнесийн сургууль болон хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг ACBSP байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх чанарыг илтгэнэ.  Эдийн засгийн хөтөлбөрүүдээс гадна хууль, олон улсын харилцаа, мэдээллийн технологи зэрэг олон хөтөлбөрүүд дээр зах зээлийн эрэлт хэт өндөр, мөн өрсөлдөөн ч ширүүн байна.  Бид цаашдаа эдгээр хөтөлбөрүүдийн өрсөлдөх чадварыг хадгалах, хөтөлбөрүүдээ улам бэхжүүлэх үүднээс төлбөрөө нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн.  Үүний зэрэгцээ манай МУИС-ийн брэнд болсон байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны суурь хөтөлбөрүүдийн хувьд төлбөрийг багаар нэмэгдүүлсэн. Байгалийн ухааны хөтөлбөрүүд лаборатори, багаж хэрэгсэл, дадлага зэрэг өртөг өндөртэй байдаг.  Тийм ч учраас хувийн сургуулиуд эдгээр хөтөлбөрийг санал болгохгүй байна. Гэсэн хэдий ч эдгээр хөтөлбөрүүд нь манай сургуулийн түүхэн уламжлал, нийгэмд гүйцэтгэх үүрэгтэй холбоотой.  Тиймээс бид байгалийн ухааны хөтөлбөрүүдээ бодлогоор дэмжиж, суурь судалгаа шинжилгээгээ үргэлжлүүлэн авч явна.

-Ангиар ялгавартай тогтоосон гэсэн. Энэ нь дээрх зарчмуудтай зөрчилдөж байгаа хэрэг биш үү?

-Бид үргэлжлүүлэн суралцагсадын хувьд төлбөрөө 12 орчим хувь нэмж байгаа нь харьцангуй бага өсөлт юм.  Эдгээр оюутнуудын хувьд сургууль болон мэргэжлээ дор хаяж нэг жилийн өмнө нэгэнтээ сонгочихсон, МУИС-тай нэг ёсны “гэрээний харилцаа”-нд орсон гэж хэлж болно.  Төлбөрийн талаар тодорхой хүлээлт бий болсон. Тиймээс нийт оюутны 3/4 болох үргэлжлүүлэн суралцагсадын хувьд ачаалаллыг хэт их нэмэх нь зохимжгүй юм. Ирэх хичээлийн жилд шинээр элсэгчдийн хувьд төлбөр илүү өндөр тогтоогдож байгаа. Эдгээр хүүхдүүдийн хувьд эцсийн сонголтыг хийх боломж нь нээлттэй хэвээр байна.  Мөн МУИС-аас шилдэг элсэгч, цаашид шилдэг суралцагчид зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлах гэж байгаа. Үүнд манай элсэгч нар хамрагдах боломжтой.  Үүн дээр засгийн газраас хэрэгжүүлж буй төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрт бүх оюутнууд хамрагдах боломжтой. Манай шинэчлэгдсэн төлбөр зах зээл дээр байгаа төлбөрийн түвшнээс өндөргүй байгаа гэдгийг онцольё.  

-Төрийн өмчийн их дээд сургуулиудын төлбөр жил бүрийн намар томоохон асуудал болдог.  Төлбөрийг эрт зарлаж, байдлыг эртхэн тодорхой болгож болдоггүй юм уу?  

-Үнэн.  Намар намарт л төлбөрийн асуулт тавигддаг.  Их дээд сургуулиудийг төлбөрөө хичээлийн жил эхлэхийн өмнөхөн тулгаж зарлалаа гэж шүүмжилдэг.  Энэ шүүмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.  Бидний хувьд энэ жил элсэлт эхлэхтэй хамт төлбөрөө зарлахыг их хичээсэн. Холбогдох бүх тооцоо, үндэслэлээ гаргаж, олон хувилбарт саналыг Удирдах зөвлөлд 6-р сарын сүүлийн долоо хоногт хүргүүлсэн.  Төлбөрийг хэлэлцэж, тогтоож зарлах нь МУИС-ийн захиргааны эрх мэдлийн асуудал биш юм.  Энэ нь Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн асуудал.   Удирдах зөвлөл 2-р сард шинээр сонгогдсоноосоо хойш 4 ч удаа хуралдаж, асуудалд ажил хэрэгч хандаж байгаа.  Гэсэн хэдий ч захирлын сонгон шалгаруулалт зэрэг олон асуудал зэрэгцэж төлбөрийн асуудал хойшлогдсон.  Цаашдаа бид төлбөрийг эрт зарлаад зогсохгүй МУИС-ийн стратегийн төлөвлөгөөний нэг хэсэг болгон 3-5 жилийн өмнө урьдчилсан төлөвийг зарлаж ч болно. Цаашид төлбөрийн асуудал нь МУИС-ийн хөгжлийн асуудлын нэг хэсэг болж шийдэгдэж байх ёстой.

-МУИС-ийн сургалтын төлбөр цаашдаа өндөр болох юм байна гэсэн ойлголт бүрдэж байх шиг байна.  Тэгвэл үүний үр дүнд юу өөрчлөгдөх вэ?

-Энэ асуудал гарцаагүй тавигдана.  Их дээд сургуулиудын сүүлийн 20 жилийн замналыг харвал зах зээлийн шинэ нийгэмд зохицох гэсэн тэмцэл байсан гэж хэлж болно. Санхүүжилтийн хувьд нэг ёсны “шок”-ийг даван туулах шаардлага гарсан.  Өмнөх нийгэмд төрийн бүрэн ивээлд байсан салбар зах зээл дээрээс орлогоо бүрдүүлж өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчимд шилжсэн. Төрөөс сургалтын төлбөрийг хянаж байгаа нөхцөлд их сургуулиуд оюутны тоогоо нэмж амьдрахаас өөр аргагүй болсон. Арваад жилийн өмнөхтэй харьцуулахад МУИС өнөөдөр 3 дахин их оюутантай болсон байна.  Харин сургалтын орчин ялангуяа анги танхим яг өмнөх түвшиндээ үлдсэн.  Энэ нь сургалтын чанарт гарцаагүй сөргөөр нөлөөлж байна. Цаашид бид тооны өсөлтийн тухай ярих утгагүй бөгөөд тийм шаардалага ч алга.  Өнөөдөр хамгийн хурцаар тавигдаж байгаа асуудал бол чанар.  Сургалтын чанар нь багш нарын чанар, сургалтын орчин, өрсөлдөөнөөр тодорхойлогдоно. Чанар нь сургууль, багш, суралцагч, төгсөгч, ажил олгогч гээд нийгмийн бүх бүлгийн эрх ашигт нийцсэн зорилт юм.  

Хөгжингүй орнуудын боловсролын тогтолцоог харахад мөн л тооны өсөлтөөс чанарын өөрчлөлтрүү явсан байдаг.  Эхний ээлжинд аль болох олон хүнийг дээд боловсролтой болгоход анхаарч, хамрагдалт хангалттай түвшинд хүрсэний дараа дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болох чанарын асуудлыг ярьдаг юм байна.  Манай дээд боловсрол, зөвхөн МУИС ч биш, тооны тэлэлтийг хангалттай түвшинд хийсэн тул одоо бүх шатандаа чанарын асуудлыг ярьж эхэлж байна.   Чанартай сургалтыг хөрөнгө мөнгө зарцуулж бий болгоно.  Тэгэхээр сургалтын төлбөрийг нэмсний үр дүнд чанарын асуудлыг ярих боломжтой юм.  МУИС чанарын шинэ түвшинд гарах цаг нь хэдийнэ болсон.  

-Чанарын өөрчлөлт нь юугаар илрэх вэ?

-Сургалтын төлбөрийн өсөлтийг бид анги танхим, номын сан, цахим орчин ба эх сурвалжууд, лаборатори болон хичээлийн хэрэглэгдэхүүнийг сайжруулах, сургалтын технологийг өөрчлөх, оюутанд үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна. Боловсон хүчний хувьд цаашид бид өндөр мэдлэгтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдмийн зэрэг цолтой, судалгааны ажилтай шилдэг эрдэмтийн тоог нэмэх бодлого баримтлана.  Хэтдээ бид зөвхөн Монголын биш олон улсын зах зээлээс багш судлаачдаа шалгаруулж авдаг болох ёстой.  Ер нь МУИС Монгол улсын шилдэг, шигшмэл, элит судалгааны их сургууль болох хэтийн зорилгодоо хүрэх тодорхой алхамуудыг хийж эхлэх шаардлагатай байна.  Сургалтын төлбөр ч түүндээ тохирсон байх ёстой юм.

-Төрийн зүгээс тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулдаг биз дээ?  Үүнийг нэмэх боломж байдаггүй юм уу?

-Төрийн зүгээс дээд боловсролыг дэмжихдээ сургуулиудаа биш харин суралцагчдаараа дамжуулан дэмжих бодлого барьж байна.  Үүнд багагүй мөнгө зарцуулагдаж байгаа. Тийм учраас сургалтын төлбөрийн өсөлт оюутнуудад төдийлөн том дарамт болохгүй байх.  Манай оюутнууд хангалттай тэтгэлэг авч байна.  Сургалтын төрийн сангаас зээл авах боломж нээлттэй байна. Ер нь дээд боловсролын үнэ, ялангуяа төрийн их сургуулиудын төлбөр дэндүү доогуур байгаатай хүмүүс санал нийлэх байх. Бакалаврын 4 жилийн сургалтын төлбөр хувийн дунд сургуулийн жилийн төлбөрөөс бага байна шүү дээ. Хэрэв төлбөрөө зориуд бага байлгах бодлогыг төрөөс баримталбал зөрүүлээд хангалттай санхүүжилт өгдөг байх ёстой.   Тэгж байж чанарын тухай асуудал яригдана.  

Гэтэл төрийн өмчийн их дээд сургуулиудын хувьд төрийн санхүүгийн дэмжлэг үнэхээр бага байна. МУИС байрны ашиглалтын зардал болон бага хэмжээний хөрөнгө оруулалт авдаг.  Энэ нь МУИС-ийн жилийн төсвийн 5-7 хувьтай л тэнцүү юм.  Энэ үнэхээр чамлалттай.  Бусад орны жишгийг харахад төрийн өмчийн сургуулийн санхүүжилт нь нийт төсвийн хамгийн багадаа 20 хувьтай тэнцүү байна.  Санхүүжилт нэмэх асуудал янз бүрийн түвшинд яригдаж ирсэн боловч харамсалтай нь ажил хэрэг болоогүй л байна. Дээд боловсролыг шинэчлэх асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байгаа.  Энэ бодлогын хүрээнд байдал өөрчлөгдөх болов уу гэсэн хүлээлт байна.  

-Ер нь төрийн өмчийн их дээд сургуулиудын санхүүжилт ямар байвал оновчтой вэ? Их сургуулиуд цаашдаа сургалтын төлбөрөөрөө л амьдраад явах уу?

-Санхүүжилтийн асуудал хамгийн чухал асуудал.  Одоогийн байдлаар төрийн өмчийн их дээд сургуулиудийн нийт төсвийн 80 гаруй хувь нь сургалтын төлбөрөөс бүрддэг. Их сургуулийн санхүүжилтийн олон талт эх үүсвэрийн тухай сүүлийн үед нилээд ярьж байна.  Энэ нь маш зүйтэй асуудал юм. Дэлхийн бусад орны ялангуяа АНУ-ын их сургуулиудын санхүүжилтийг харахад сургалтын төлбөрөөс гадна улсын төсвийн санхүүжилт, судалгааны мөнгө, хувь хүмүүс болон компани, байгууллагуудын хандив зэрэг олон эх үүсвэрээр санхүүжиж байна. Бидний хувьд судалгааны санхүүжилт, хандивын болон өөрийн үйл ажиллагааны орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх дээр илүү идэвхи санаачлагатай ажиллахаар төлөвлөж байна. Гэхдээ эрх зүй болон бусад зохицуулалтын хувьд бэрхшээл байсаар байна.  Жишээлбэл, бусад орнуудад боловсролд хандив өгсөн иргэд болон байгууллагууд татварын хөнгөлөлт эдэлдэг практик байна.  Хувь хүн, байгууллага хандив нийгмийн үйлчилгээнд өгнө гэдэг нь тэр хэмжээгээр төрийн ачаалал хөнгөрнө гэсэн үг.  Тэгэхээр татвараа буулгах нь иймэрхүй нийгмийн хариуцлатай үйл ажиллагааг дэмжиж буй хэрэг юм. Энэ мэтийн эрх зүйн зохицуулалт хийх шаардлага байна гэж харагдаж байна.  

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж