Дарьгангын түүх соёл, байгаль экологийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2013.08.20-нд нийтлэгдсэн

Дарьгангын түүх соёл, байгаль экологийг хэлэлцлээ

Дарьгангын Алтан-Овоог төрийн зарлигаар тахиж эхэлсний 100 жилийн ойд зориулсан Дарьганга судлалын эрдэм шинжилгээний бага хурал Дарьганга сумын Соёлын төвд болжээ. Эрдэм судалгааны уугуул орон нутагт нь хийсэн томоохон хэмжээний энэ хуралд тавьсан илтгэлүүдийг сонирхуулвал:

Доктор, профессор Э.Лувсанбалдан “Алтан-Овоо Монгол төрийн тахилга – зуун жил”, академич, доктор, профессор Д.Цэрэнсодном “Дарьгангын хүн чулуун дурсгал ихсийн газрын тайлгатай холбогдох нь”, доктор, профессор С.Чулуунхуяг “Ганга нуурын эко системийн өнөөгийн байдал, цаашдын төлөв”, докторант Т.Билэгсайхан “Дарьгангын газар нутгийн зарим асуудалд”, доктор Б.Магсаржав “Дарьганга аман зохиол дахь оршихуйн философи”, доктор Б.Бадам-Оюу “Дарьгангын угсаа-түүх, овгийн бүрэлдэхүүн”, академич, доктор, профессор Ч.Дугаржав “Сүхбаатар аймгийн ургамалжилт, ургамалыг хамгаалах асуудал” зэрэг илтгэл тавигджээ.

Мөн докторант С.Оюун “Төрийн тамганы бэлгэдэл зүй, Дарьганга хошууны тамга”, доктор, профессор Г.Мэнд-Ооёо “Дарьганга дахь дундад эртний соёл иргэншлийн ул мөр ба Дарьгангачуудын угсаа гарвалын асуудалд”, доктор, профессор Д.Эрдэнэбаатар, “Дарь-ганга нутаг хүрэл зэвсгийн эрин үед” профессор Г.Гонгоржав “Буган хөшөөдийн бугын дүрслэлийн утга зүй”, доктор Ш.Чимэдцэеэ “Дарьганга дууны яруу найргийн онцлог”, доктор, зөвлөх профессор Б.Дунгаамаа “Дарьганга дээлийн онцлог”, доктор Ц.Минжин “Сүхбаатар аймгийн түүхчидийн тухайд” доктор, профессор С.Бадрал “Дарьгангын хүн чулууг судлахын учир”, судлаач Ё.Бадарч “Дарьганга эхнэрийн гоёл чимэглэл”, доктор, профессор Ц.Жамсран “Дарьганга ба Шилийн Богд уулын ургамалын тухай тэмдэглэл” зэрэг 23 илтгэл хэлэлцүүлжээ.

Дарьганга судлалаар болсон энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь бүс нутгийн түүх соёл, байгаль экологийн асуудалд гол анхаарлаа хандуулсан бөгөөд ялангуяа Манж Чин улсын цаг үеэр хязгаарлагдаж байсан Дарьгангын түүхийн гол асуудлуудыг Их Монгол улсын цаг үед урагшлуулан авч үзсэнээрээ анхаарал татлаа. Мөн Дарьганга нутгийн байгаль экологийн өөрчлөлт хувьсалтад шинжлэх ухааны дүгнэлт хийж, унаган төрхийг нь хамгаалах асуудлыг онцлон авч үзжээ.

Соёл, Яруу найргийн Академи, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан “Сувдан сондор-9” эрдэм шинжилгээний аялалын хүрээнд болсон уг хурлын илтгэлүүдийг тусгай ном болгон хэвлүүлсэн байна.

О.МӨНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж