&#34Blue&#34 хамтлаг Монголд

Хуучирсан мэдээ: 2013.08.20-нд нийтлэгдсэн

&#34Blue&#34 хамтлаг Монголд

2001 онд албан ёсоор анх үүсэн байгуулагдсан цагаас эхлэн дэлхий даяар охид, залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж, Британийн чартуудыг нэгэн үе тэргүүлж байсан Британийн хөгжмийн дээд шагналын эзэн “Blue” хамтлаг Монголд зочлохоор болжээ.

“All Rise", "Sorry Seems To Be The Hardest Word ", "Fly By" зэрэг дуугаараа дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан “BLUE” хамтлаг  “EVENTO” компанийн урилгаар Монгол орныг зорьж, үзэгч, фэнүүдэдээ бэлэг барихаар бүх супер хитүүдээ багтаасан аялан тоглолтоо амьд хөгжилтэй хийхээр болсон байна. Тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх есдүгээр сарын 14 -нд болох ажээ.

Хамтлагийн талаарх хамгийн сүүлийн үеийн сонирхолтой мэдээлэлээс сөхвөл, 2013 оны хоёрдугаар сарын 26-нд Лондон хот дахь “Hammersmith Apollo” театрт зөвхөн ганцхан удаа тоглохоор төлөвлөсөн ба тоглолтын тасалбар худалдаанд гарсан даруйдаа таван минутын дотор дуусан тул продюсерууд бүрэн хэмжээний Дэлхийг тойрох аялан тоглолт хийхээр шийдвэрлэжээ.  

Британийн шоу ертөнцийн магнат Саймон Ковеллийн санаачлагаар  2000 онд Lee Ryan ба Anthony Cost нарыг нэгтгэснээр BLUE хамтлагийн түүх эхэлжээ. Ийнхүү Duncan James болон Will Young нэмэгдсэнээр албан ёсоор BLUE хамтлаг байгуулагдаж тун удалгүй гайхам амжилтуудыг үзүүлж анхны сингл болох ALL RISE нь зөвхөн Британид л гэхэд 1.8 сая гаруй хувиар худалдаалагдаж Британы чартыг тэргүүлж эхэлжээ. Дараахан нь гаргасан "Too Close" сингл нь мөн л Британы чартын №1-т хэд, хэдэн 7 хоногийн турш бичигдэж байв. 2004 оноос хамтлагийн гишүүд тус тусдаа бие даасан уран бүтээл хийж байгаад 2011 онд 10 жилийнхээ ойгоор эргэн нэгджээ.

Энэ хугацаанд супер одууд болох Stevie Wonder, Elton John, RedOne, Bruno Mars  нартай хэд хэдэн уран бүтээл гаргаж амжсан байна. Тэд хамгийн сүүлийн цомогийнхоо  ROULETTE нэртэйгээр гаргаж дизайныг нь ч мөн казиногийн өнгө аясыг шингээн урласан ажээ. Энэхүү цомог 2013 оны наймдугаар сарын 9-нөөс эхлэн дэлхий даяар худалдаалагдаж эхлээд байна.
    

Ийнхүү 2000-аад онд дэлхийг шуугиулж, залуусын зүрх сэтгэлд олон хит дуунуудаараа хоногшсон “BLUE” хамтлагтай дурсамж дүүрэн он жилүүдээрээ найз нөхдийн хамт аялан, нэгэн үдэш үл мартагдам цэнгэн өнгөрүүлэх л үлдлээ.     
    
Дашрамд дуулгахад, тоглолтод олон сонин содон үзэгдэл төлөвлөгдсөн бөгөөд “EVENTO” компанийн цахим хуудас болон мэдээллийн түнш, сошиал сувгуудаар тэдгээр мэдээллүүдийг хүргэж юм байна.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж