“Дэлхийн аваргад түрүүлэх зорилго тавьсан”

Хуучирсан мэдээ: 2013.08.20-нд нийтлэгдсэн

“Дэлхийн аваргад түрүүлэх зорилго тавьсан”

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Майами хотноо зохиогдсон жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөсөн билээ. Тус тэмцээнээс манай тамирчид хос хүрэл медальтай эх орондоо ирсэн. Жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс 60 кг-д хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатартай ярилцлаа.   

-Дэлхийн аваргын татамигаас хүрэл медаль хүртсэн танд баяр хүргэе. Жүдо бөхийн спортоор хичээллээд хэдэн жил болж байна вэ?

-Баярлалаа. Би жүдо бөхийн дасгалжуулагч Б.Шийрэвийн удирдлагад энэ спортоор долоон жил хичээллэж өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнээс анхны медалийг эх орондоо авчирлаа. Энэ удаагийн тэмцээнд олон хүүхэд өрсөлдсөн болоод тэр үү, маш сонирхолтой болсон. Чансаа өндөрт тооцогдох дэлхийн аваргын тэмцээнд оролцсоноороо би их туршлага олж авлаа.

-Нэр хүндтэй мундаг тэмцээнд сайн барилдсан бөх, амжилтаа хамгаалах нь чухал биз?

-Миний ойр тойрны хүмүүс надад яг энэ үгийг дахин дахин захидаг. Би тэдний итгэлийг алдахгүй. Багшийнхаа өгсөн үүрэг даалгаврыг үргэлж ахиулж, оролцсон тэмцээн бүртээ сайн барилдахыг зорилгоо болгосон. 

-Дэлхийн аваргаас медаль хүртэх агшинд юу бодогдов?

-Эхлээд дэвжээнд гарсан тухайгаа ярих уу.

-Тэгэлгүй яахав?

-Би олон улсын тэмцээнд цөөнгүй зодоглосон. Гэвч том тэмцээнд биеэ барих мэтийн сул талаа хаяж чадаагүй хэмээн багш бага зэрэг зэмлэсэн. Дэлхийн аваргын татамид гарах арай өөр юм билээ. Надад энэ тэмцээн том сургамж боллоо.  

-Таны эхний өрсөлдөгч Португалийн бөхийг шаггүй сайн барилддаг гэж дуулсан юм байна?

-Миний эхний өрсөлдөгч энэ жил Португалийн өсвөрийн тэмцээнд тасархай түрүүлсэн юм билээ. Түүнтэй анх удаа барилдаж байгаа нь энэ. Би түүний дайралтыг тэвчээртэй отож байгаад сууж үүрэх мэхээр базари үнэлгээ салгаж, улмаар барилдааны үндсэн цагийн эхний хоёр минутад даралт мэхээр цэвэр ялсан. Ингэснээр хүрэл медалийн төлөө барилдах эрх авсан хэрэг. Харин манай жингийн хамгийн хэцүү өрсөлдөгч нь Японы бөх Такими Ёшима байлаа. Тэр намайг үндсэн цагт торгуулийн үнэлгээгээр ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон.

-Хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд, жүдо бөхийн спорт өндөр хөгжсөн Францын бөхтэй таарч барилдахад амаргүй байв уу?

-Энэ барилдааны өмнөхөн Японы бөх Такими Ёшимаг хэрэв ялсан бол алтан медалийн төлөө өрсөлдөх байв. Би боломжоо алдчихсан болохоор хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд өөрийгөө хурцалж барилдсан. Би дэвжээнд гараад төд удалгүй сууж үүрэх мэхээр вазари үнэлгээ салгаж, тэндээсээ гар толгой холбож өчих мэхний хувилбараар цэвэр ялсан. Сууж үүрэх мэх миний дархан мэх гэж болно.

-60 кг-ын жинд олон тэмцээнд оролцсон уу?

-Олон хотын нээлттэй бүхий л тэмцээнд зодоглодог. Би энэ жил өсвөрийн улсын аваргын тэмцээнд түрүүлж ДАШТ-д оролцох эрх авсан юм. Мөн энэ сарын 29-нд Япон улсад зохиогдох өсвөрийн олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа.

-Миний дүү аль сургууьд сурдаг вэ?

-Нийслэлийн 65 дугаар дунд сургуулийн 11 б бүлэгт  сурдаг.

-Хүндэлж явдаг тамирчныхаа нэрийг дурьдаж болно шүү?

-Баярлалаа. Монголын жүдочдын нэр хүндийг өдөрт өргөж яваа олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар ах нартаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Удахгүй болох Дэлхийн аваргын тэмцээндээ амжилттай оролцоод ирээрэй гэж ерөөе.

Д.ЖАВХЛАН
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж