
Тэд энэхүү шаардлагадаа, “Хэрэв энэ асуудлыг судлаад зөвшөөрлийг нь ДЭМБ-аас авсан бол өнөөдөр Баруун таван аймгийн малын мах, түүхий эдийг гадаадын ямар ч оронд эксортлох боломж бүрдэж, манай орны эдийн засагт ч ашигтай болох байсан. Харамсалтай нь шинэчлэлийн Засгийн газар энэ асуудалд “нүд нь балай, чих нь дүлий” мэт хандсаны хор уршгийг өнөөдөр олон малчин өрх амсаж сууна. Гэтэл одоогийн Засгийн газрын тэргүүний томилсон Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон мэргэжлийн байгууллагын удирдлагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж таван суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна” гэжээ.
Энэ өвчин агаар дуслын замаар халдварладаг учраас хөрш зэргэлдээ бусад аймгийн малд халдахгүй гэх баталгаа байхгүй. Хорио цээр тогтоосон сумдад малчид хадлан тэжээлээ авах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, сургууль цэцэрлэгийн ажил эхлэх зэрэг намрын ид ажил зогсонги байдалд байгаа гэнэ. Гэхдээ хорио цээрийн дэглэмийг 21 хоногийн дараа буулгах журамтай байдаг.
Улсын Онцгой Комиссын дарга хариуцлага алдсан тус аймгийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар тодорхой үүрэг өгсөн ч ямар ч арга хэмжээ аваагүй байгаад орон нутгийн ард иргэд дургүйцэж байна. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газрын ам ажлын зөрүү газар тэнгэр хоёр шиг байгаагийн илрэл гэдгийг иргэд хэлж байсан юм. Уг нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байсан ч Шинэчлэлийн Засгийн газрын хариуцлагагүй ажиллагаанаас болж ийм байдалд хүрснийг мэргэжлийн хүмүүс шүүмжилж байна. Өнгөрсөн Засгийн газрын үед баруун бүсийг шүлхий өвчингүй эрүүл бүс болгоно гэж Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагад хандаж, нааштай хариу авахын даваан дээр Засаг төр өөрчлөгдсөн билээ.