Дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээнд ОХУ (3), БНХАУ (2), Украйн (2), Голланд (1), Беларусь (1), Латви (1), Литва (1), Польш (1), Эстони (1), Монгол (3) зэрэг 10 улсын 16 тамирчин тойргийн журмаар тоглож өрсөлдөнө. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч, Литва улсын иргэн Рима Даниливичене ажиллах юм. Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч, Голланд улсын иргэн Харри Оттен, тэмцээн хариуцсан захирал, Польш улсын иргэн Яцек Павлицки нар хүндэт зочноор уригдан оролцох болно.
Монгол улс зөвхөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг аваад зогсохгүй, блиц болон түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг аравдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нээлттэй болох бөгөөд ОХУ, БНХАУ, Голландаас тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна гэж Монголын даамын холбооноос мэдээлэв.