Нью-Йоркт хамгийн нарийхан байшин зарагджээ

Хуучирсан мэдээ: 2013.08.19-нд нийтлэгдсэн

Нью-Йоркт хамгийн нарийхан байшин зарагджээ

Нью-Йорк дахь нарийнхан байшин 3,25 сая ам.доллараар зарагджээ. Түүний өргөн нь 2,54 метр (өөр мэдээгээр – 2,9 метр) The New York Post сонинд бичжээ.

Гурван давхар орон сууцны барилгыг 1873 онд барьсан бөгөөд Манхэттений Бедфорд-стрит гудамжинд байрладаг гэнэ. Нийт талбай нь 92 метр квадрат уг байшингийн нүүрэн талаасаа арын хана хүртэл 9,1 метр гэнэ. Байшинд унтлагын гурав, ариун цэврийн өрөө, гал зуух, подвалтай гэнэ. Подвалыг нь амралтын өрөө болгожээ. Байрны ард жижигхэн цэцэрлэгтэй.

Анх энэхүү байшинг хөрш хоёр байшингийн завсрын зайг бөглөхөөр барьсан бөгөөд тухайн үедээ оёдлын үйлдвэр, чихрийн дэлгүүр ажиллуулж байжээ. Хожим орон сууц болсных нь дараа түүнд хэд хэдэн нэр алдартай хүмүүс амьдарч байсан байна. Тухайлбал, "Harp-Weaver and other poems" түүврээ энэ байшинд бичээд Пулитцерийн анхны эмэгтэй шагналтан болж байсан яруу найрагч Эдна Сент-Винсент Миллей, жүжигчин Жон Берримор, Керри Грант, хүүхэлдэйн киноны мастер Уильям Стайг, хүн судлаач Маргарет Мид, хүүхдийн зохиолч эмэгтэй Энн Макговерн нарыг нэрлэж болно.

Сүүлийн 20 жилийн дотор уг байрны үнэ их өссөн байна. Түүнийг 1994 онд 270 мянган ам.доллараар, 2000 онд 1,6 сая ам.доллараар, 2010 онд 2,175 сая ам.доллараар тус тус худалдаж байжээ.

Сүүлчийн эзэн нь тэнд амьдраагүй ч түүнийг засаад орчин үеийн цахилгаан техникээр тоногложээ. 2011 онд тэрээр уг байшинг 4,3 сая ам.доллараар зарах зарлал гаргасан бөгөөд дараа нь үнээ хэдэн удаа буулгасан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж