Бизнесийн орчинг сул тавихыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2013.08.19-нд нийтлэгдсэн

Бизнесийн орчинг сул тавихыг хүсчээ

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас эдийн засгийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, мэдэгдэл гаргажээ. Танхимд бизнесийн байгууллагууд гишүүнээр болдог бөгөөд бизнесийн орчинд тулгамдсан асуудлын талаар судалгаа авч, дараах дүгнэлтэнд хүрчээ.

1. 2008 оноос үүдэлтэй улс төрийн намуудын хариуцлагагүй амлалт, түүнд суурилсан хавтгайрсан халамжийн тогтолцоо нь Монголын эдийн засгийн бодлого зохистой бөгөөд үр дүнтэй хэрэгжих боломжийг нь алдагдуулсан нь сүүлийн саруудад болж буй эдийн засгийн бууралт, валютын ханшийн огцом хэлбэлзэл, инфляцийн дарамтын дотоод улс төр-эдийн засгийн шалтгаан гэж дүгнэж байна.

2. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин муудаж, энэ чиглэлээр хийгдэж буй шинэчлэлийн үйл явцын үр дүн мэдрэгдээгүй, хурдац нь удааширч, хувийн хэвшлийн бизнесийн идэвхжил, хөрөнгө оруулалт бүхэлдээ саарч, /хэдийгээр ЗГ-аас хэрэгжүүлж буй тодорхой төсөл, хөтөлбөрүүд зохих үр дүнгээ өгч эхэлж буй ч/ ялангуяа бичил, жижиг, дунд бизнесийн санхүүгийн орчинл тэдний олон жил хүсэн хүлээж буй өөрчлөлт гарахгүй байна.

3. Төрийн зүгээс эдийн засагт оролцох явдал хэт хавтгайрч, төрийн өмчит компаниуд үйлдвэрийн газар байгуудах дуршил хэрээс хэтэрч байна. Зах зээлийг ойлгож хүндэлдэг энтрепренер шинжтэй нийгмийг, зах зээлийг буруу ойлгодог, хүндэлдэггүй төрийн капитализмын хамгийн муу хэлбэр бүхий нийгмээр солих оролдлого, үзэл номлол сүүлийн үед хүчээ авч, төр өөрөө энтрепренер, бизнесмен болохыг оролдох хандлага янз бүрийн хэлбэрээр илрэх боллоо. Энэ нь хувийн хэвшлийнхний санааг зовоож буйг тэдний дунд явуулсан судалгаанаас тодорхой харагдаж байна.

4. Бизнесийнхнийг дотор нь намын харьяаллаар ялгаварлах эсвэл намын харьяалал руу шахах мэтээр бизнесийн үйл ажиллагаанд ялгаатай хандах, нам дагасан бизнесийн бүлэглэл үүсгэх эрүүл бус хандлага гаргах, бизнесийн секторыг бүхэлд нь улс төрийн уур амьсгалаар бохирдуулах гэх зэрэг сөрөг, байж болшгүй үйл ажиллагаа сүүлийн үед төрийн байгууллагуудын зүгээс ихэссэн талаар бизнесийн байгуудллагууд гомдол гаргаж, ийм уур амьсгал байхгүй болгохыг шаардах боллоо. Энэ бол онцгой, анхаарвал зохих асуудал гэж үзэж байна.

5. Хувийн өмчийн халдашгүй байдалд шууд болон тойруу замаар халдах, бусад үүсмэл эрхийг өмчийн суурь эрхээс дээгүүрт тавьж, хуулийн үзэл санааг гажуудуулах зэрэг зохисгүй үйлддлүүд гарах, төр ба татвар төлөгчдийн хоорондын харилцаа тэгш, шударга байх ёстой зарчмыг огоорч, төрийн нэрээр сүрдүүлэх, төрийн байгууллагуудын шуурхай, ёс зүйтэй, үр дүнтэй үйлчилгээ бүрэн хэрэгжиж тогтоогүй, үндсээр нь устгах ёстой дутагдал гажуудлууд амь бөхтэй оршсоор л байгааг онцгой анхаарах шаардлагатай.

6. Дээр дурдсан зүйлүүдийг онцгой анхаарч цаашид бизнес, санхүү, хөрөнгө оруулалтын орчныг тааламжтай болгох, хувийн хэвшлийн хөгжлийн стратегийн батлагдсан баримт, бичгийн үг, үсэг, үзэл санааг бодитой бөгөөд хувийн хэвшилтэй нь хамтран хэрэгжүүлэх, бичил, жижиг, дунд бизнесийг дорвитой дэмжих, санхүүгийн тааламжтай орчин бий болгох, зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах бодлогын зорилтыг бодитой болгох, төр ба хувийн хэвшлийн байнгын ажиллагаатай механизм, институцийн орчин шаардлагатай байгаа тухай ийнхүү мэдэгдэл гаргасан байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж