Тэрслүү үг, тоглолтын чанараараа ямагт бусдаас онцгойрч байдаг Португаль мэргэжилтэн Англид тэр дундаа Челсид буцан ирсэн нь энэ зуны хит сенсаацын нэг байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Чухамдаа түүнийг ирмэгц л Челсигийн тэргүүлэлт, сайн тоглолт, лигийн аваргын титэмийн тухай яриа хүчтэй өрнөж эхэлсэн юм. Өнгөрсөн улиралд лигийг сайн эхлүүлсэн ч төгсгөлөө тэд муу хийсэн. Нөгөөтэйгүүр зарим нэг тоглогчдын тааруу уур амьсгалаас болж тоглолтын чанарт нөлөөлсөн гэдгийг санахад илүүдэхгүй. Өчигдрийн тоглолт үндсэндээ эхний хагаст асуудлыг шийдсэн. Тоглолтын 13 дахь минутад цэнхрүүд эхний гоолоо оруулсан. Хэргийн эзэн нь Оскар байсан. Түүнд гоолын үнэтэй дамжуулалтыг Дэ Бруин өгсөн билээ. Энэ гоолоос ердөө 12-хон минутын дараа Челсигийн домог Френк Лампард мөргөн оруулсан нь түүний энэ багийн төлөөх 204 дэх гоол байсан юм. Довтлогчид ч атаархмаар түүний гоолны зөрүү энэ улиралд чухам хэд хүрэх нь эргэлзээтэй.
Тоглолтын чанарын тухайд Челсигийн хувьд тун тааруу байсан. Тэд дамжуулалт, гоолын боломжууд, найруулга тааруу байсан. Хэрвээ тэд Халлаас чансаа өндөр багтай тоглож байсан бол тэнцээ авахад тун ойрхон байсан. Эсрэгээрээ Халлчууд сайн байсан. Тэд өрсөлдөгч багаасаа ердөө хоёр хувиар бага бөмбөг эзэмшсэн нь нэг их олон бөмбөгний зөрүүтэй хожигдоогүй байх гол нөхцөл нь байсан юм. Ямар ч байсан тэд доошоо унахгүй байхын төлөөх тэмцэлд улам амт оруулах баг байх нь гарцаагүй.
Өнгөрсөн улиралд тавдугаар байранд бичигдэж аваргуудын лигийн эрхийн төлөө тэмцсэн хотон шувуунууд эхний учраагаа шинэ цэрэг Кристалчуудтай хийсэн. Багийн бүрэлдэхүүн, өнгөрсөн жилийн амжилт, учраа зэргийг нь харвал бүх хөзөр Тоттенхэмчүүдийн талд байсан. Үнэндээ ихэнх сонирхогчид Кристалыг гурваас дээш бөмбөгний зөрүүгээр хожигдоно гэж тааварлаж байсан нь гашуун ч гэсэн үнэн. Гэхдээ өнгөрсөн оройн тоглолтод Кристалчууд тун давгүй тоглолтыг үзүүлсэн. Хамгаалалт, хагас хамгаалалт бүхэлдээ гайгүй байсан. Харин довтлогчид тааруу байсан нь гоол оруулахгүй байх нэг үндэс нь болсон байж болох талтай. Тоглолтын эхний үед Тоттенхэмчүүд гоолын оролдлого гаргаж байсан ч Кристалын хамгаалалтыг сэтлэж чадаагүй. Кристалын довтлогчдын тааруу байдлыг хамгаалалт нь нөхөж байсан болохоор тэнцүүхэн тоглох суурийг тавьсан байж болох юм. Тоглолтын хоёрдугаар хагасын 50 дахь минутад Тоттенхэмийн бүрэлдэхүүнд 26 саяын үнэ цэнээр нэгдсэн Солдадо гоол оруулсан ч энэ тоглолтын ялалтын үнэ цэнэтэй гоол байжээ. Үүнээс хойш хоёр багийн аль нь ч гоол оруулж чадаагүй. Тоттенхэмчүүд өчигдрийн тоглолтыг эсрэг багийн нягт хамгаалалт, өөрсдийн багийн найруулгын алдаатай холбож тайлбарласан бөгөөд ирэх тоглолтдоо анхаарна гэдгээ мэдэгдсэн билээ.
Өнөө орой энэ улирлын эхний тойргийг Манчестер Сити, Ньюкаслчууд хаана. Мануэль Пеллегрини, зуны солилцоо наймааны цонхоор идэвхтэй байсан, үеийн үед Ньюкаслчуудыг дутуу үнэлж болдоггүй гэдгийг сануулсаар байгаа Ньюкаслчууд. Энэ бүгдийг харвал өнөө оройн тоглолтыг анхааралдаа байлгахын гол шалтгаан билээ.