Энэ дагуу засварын ажил хийгдэх наймдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш “Нарантуул” олон улсын худалдааны төв ажиллахгүй байхаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас худалдааны төвийн захиргаанд ажлын өдрийг амралтын хуваарьт шилжүүлэн, цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулан ажиллахыг албан ёсоор мэдэгдсэн байна. Гэвч "Нарантуул" худалдааны төвийнхөн энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байна. Тэд өнөөдөр эсэргүүцлээ илэрхийлэн, хотын захиргааны үүдэнд цуглаан хийж, мөн хэвлэлийн хурлаар өөрсдийнхөө байр сууриа мэдэгдэв. Хэвлэлийн хурлынхнаа эхэнд “Ашиг орлого хийдэг яг энэ үед захыг ажиллуулахгүй гэж байгааг эсэргүүцэж байна” гэв. Гэвч гол эсэргүүцээд байгаа зүйл нь "Нарантуул" захын дундуур автозам тавих асуудал бололтой. Яг ч "Нарантуул"-ын голоор автозам барих гээд байгаа юм биш. Тодруулбал, "Нарантуул" зах болоод захын хажуугийн өргөтгөл хооронд 2,3 км зам барих ажлыг тэд эсэргүүцэж буй ажээ.
"Нарантуул" захын наймаачдын зарим нь тээшиндээ хүрэхэд хязгаарлах, зам бий болно гэдэг нь осол аваар гарна, энд зогсдог, дамжин өнгөрдөг тээврийнхэнд хүндрэл үүснэ гэж гомдоллож байна. Үнэндээ тэдгээр наймаачид одоо ч бараг автомашин зогссон замаар өргөтгөлөөрөө тусгаарлагдсан, зогсоол руу орж гарч яваа машинуудтай зөрөлдөж л явдаг хэрнээ юунд ийнхүү бухимдаад байгаа нь нэг сайн ойлгогдсонгүй. “Манай зах дээр гуталны үнэ хамгийн хямд байдаг, хүний амь нас эрсдэхийг бид эсэргүүцэж байна. "Нарантуул" маань биднийг ажиллахад ямар ч түрээсийн дарамтгүй ажиллуулдаг” гэх мэтийн учир холбоо муутайхан, яг юу нь болохгүй байгааг тодорхой хэлчих зүйл ярьсангүй байсаар хэвлэлийн хурал нь өндөрлөлөө.
Захын түгжрэлийн тухай ярьж, "Замаа зас" гэж шүүмжилдэг байсан бол одоо "Зам тавих гэж байна" гэж уурладаг болжээ. Тэгвэл харин ч "Нарантуул" захын хажуугаар зам тавих нь зөв, буруу эсэх тухай биш "Нарантуул"-ыг хотоос гаргах болоогүй юу гэх асуултыг тавих цаг нь болсон юм шиг байна. Алийн болгон гадна талбайд худалдаа хийх билээ, хэдий болтол хот доторх зах руугаа түжигнэж, түгжирч очихгоох билээ. Зам тавих гэж байхад зах, зам мэтээр улс төржүүлэх хэрэг хэнд хэрэгтэй юм, бүү мэд. Ёстой илүүдээ гарсан хэрүүл зарга, завтай хүний жагсаал цуглаан гэж энэ байлгүй.