
Автозамын засвар, шинэчлэлтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн 14-р хороон дахь "Дархан минж"-ийн уулзвараас "Нарантуул" олон улсын худалдааны төв хүртэлх замыг засч, захын хойд хаалгаар нэвтэрдэг болгохоор шийдвэрлэсэн билээ. Тэгвэл энэ ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд хоёр өдөр үргэлжлэх зам засварын ажлын хугацаанд “Нарантуул" захыг хоёр өдөр амраах шийдвэрийг Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах ажлын хэсгээс гаргасан юм.
Гэтэл “Нарантуул” захын худалдаа, наймаа эрхлэгчид захыг хоёр өдөр амраах шийдвэрийг эсэргүүцэн, өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, захын гадаа жагсаал хийж байгаагаа мэдэгдлээ. Уг нь бол “Нарантуул” зах долоо хоног бүрийн мягмар гаригт амардаг. Тэгэхээр үндсэндээ тус захын наймаачдыг нэг өдөр чөлөөлж, зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа юм. Мөн зах ажиллахгүйг тааруулж тус худалдааны төвийн талбайг ч гэсэн засч янзлахаар холбогдох байгууллагууд төлөвлөжээ.
Харин “Нарантуул” захынхан хоёр өдөр амрах болсондоо бухимдан, сургууль, цэцэрлэг эхлэх гэж байгаа энэ үед ашиг орлого олох боломжийг нь хаалаа хэмээн эсэргүүцлээ илэрхийлж, хотын дарга Э.Бат-Үүлийг огцрохыг шаардаж байна.