Иргэдийн хадгаламжийг даатгадаг боллоо

Хуучирсан мэдээ: 2013.08.18-нд нийтлэгдсэн

Иргэдийн хадгаламжийг даатгадаг боллоо

Монголын санхүүгийн салбарын 97 хувийг бүрдүүлдэг банкны системд итгэлцэл авчрах учиртай корпораци баасан гарагт албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ нь Хадгаламжийн даатгалын корпораци бөгөөд банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн 2013 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталснаар ийнхүү байгуулагдаж байна. Корпораци хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах ашгийн төлөө бус, төрийн өмчит хуулийн этгээд болохыг албаныхан онцолсон.

Хадгаламжийн даатгалын корпораци Монголбанк банкийг албадан татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд бүрэн эрхийнхээ дагуу ажиллаж, тухайн татан буугдсан банкинд хадгаламжтай байсан иргэдэд нөхөн төлбөр өгөх юм. Өөрөөр хэлбэл, хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг даатгаж, 20 сая хүртэлх төгрөгийг нөхөн төлөх ажээ.  Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар Хадгаламжийн даатгалын корпорацийн удирдах дээд байгууллага болох Үндэсний хороог байгуулж, хадгаламжийн даатгалын корпорацийг байгуулах үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг баталсан. Үндэсний хорооны даргаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, гишүүдээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Б.Даажамба, мөн Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн Д.Гантулга, Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Б.Нямаа, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Б.Найдалаа, ХДК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн нар ажиллаж байна.

Үйл ажиллагааны ерөнхий схемийг танилцуулбал,

Ийнхүү сүүлийн үед банкууд “Анод”, “Зоос”, Хадгаламж“ банкуудын дампуурлаас болж иргэд банкинд итгэх итгэл нь алдрах аюултай байгаа. Гэртээ сефенд эсвэл хэн нэгэнд бус албан ёсны бичиг, баримт, гэрээ сэлтийн дагуу банкинд мөнгөө хадгалуулах нь илүү, хүүгийн хувьд ч өгөөжтэй гэх боловч ийнхүү банкууд дампуурч, баталгаагүй болж байгаа нь иргэд банкнаас жийрхэх аюултай болж байна. Мэдээж хэн л банкинд мөнгөө өгөөд алдахыг хүсэхэв. Тиймээс тухайн банк санхүүгийн эрсдэлд хүрч, дампуурах болсон ч хадгаламжийг нь хуулийн дагуу даатгаж, 20 сая хүртэлх төгрөгийг нөхөн олговрыг олгож байхаар боллоо.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж