Английн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн гэх гуншинг нэгэн цагт хадгалж явсан Ливерпүүлчүүд сүүлийн дөрвөн улирлын нээлтийн тоглолтод ялалт гээчийг мэдрээгүй байсан билээ. Харин энэ улиралын нээлтийг тэд тун гайхалтай эхлүүлж чадсан. Стоук Ситиг тэд 1:0-ээр хожиж фенүүдээ баярлуулж чадлаа. Энэ удаагийн тоглолтод Ливерпүүлчүүд олон ч боломжийг алдсан, олон ч шон цохисон. Боломж алдах бүх нөхцөл нь Асмир Бегович байсан. Хэрвээ тэр хаалган дээр зогсоогүй бол Ливерпүүлчүүд дөрвөн гоолоор ч тэргүүлэх боломж байсан гэдгийг санах хэрэгтэй. Эхний үе дуусахаас ердөө гуравхан минутын өмнө Челсигээс ирсэн Даниел Стариж гоолдож энэ тоглолтын ялалтын үнэ цэнэтэй цорын ганц гоолыг оруулсан юм. Түүнд чулуу болгох дамжуулалтыг шинэ цэрэг Иаго Аспас өгсөн билээ.
Тоглолтын эцсийн мөчид 11-ийн шугам дотор бөмбөгөнд гар хүрсэнээр Стоукчууд тэнцүүлэх сайхан боломжтой учирсан. Торгуулийн цохилтыг Жонатан Волтерс цохисон ч Мигнолет хааснаар ялалтаа баталгаажуулах эхлэлийг тавьсан билээ. Энэ жил Ливерпүүлд 9 сая фунтын үнэ цэнээр ирсэн Бельги хаалгач ийнхүү шинэ уур амьсгалыг улаануудад авчирсан юм. Ямар ч байсан тэд энэ улиралд хаалгандаа санаа зовохгүй байж болох бодит нөхцөлтэй учирсан ч байж болох юм.
Шинэ улирлыг аварга болох тэмүүлэлтэй угтаж, ямар ч байсан тэргүүлэгчдийн эгнээнд байна гэдгийг дэлхийн хэвлэлүүд баталж байсан ч Арсеналчууд талбай дээрээ 3:1-ээр ялагдлаа. Уг нь бүх зүйл тэдний талд эхэлсэн ч тэргүүлэгчдийн эгнээнд байна гэдгийг дэлхийн хэвлэлүүд баталж байсан ч Арсеналчууд талбай дээрээ 3:1-ээр ялагдлаа. Уг нь бүх зүйл тэдний талд эхэлсэн ч гоолын үнэ цэнийг тэдэнд мэдрүүлэх хувьгүй байжээ. Тоглолт эхлээд ердөө зургаан минут өнгөрөөд байхад их буучдаас Оливер Жирү гоол оруулж, их буучдын ар талын сэтгэлийг хөөргөдсөн. Түүнд гоолын дамжуулалтыг Окслейд Чемберлэн өгсөн билээ. Гэтэл 22 дахь минутад Астон Виллагаас Бентеке гоолдож хөөрөөд байсан цэнгэлдэхийн уур амьсгалыг өөр тийш нь эргүүлсэн билээ. Эхний үед үүнээс өөр гоол ороогүй. Арсеналчууд боломж гаргасан ч түүнийгээ ашиглаж чадаагүй. Хоёрдугаар үе эхэлмэгц талбайн эзэд дахин гоол оруулах хүсэлтэй гарч ирсэн ч тэр бүр биелэхгүй байсан юм. Улмаар тоглолтын 61 дэх минутад зочид дахин гоолдсон. Гол буруутан нь нөгөөх Бентеке. Лорен Кошилни 11-ийн бүсэд алдаа гаргасан нь ийнхүү зочидод тэргүүлэх боломжийг өгсөн нь энэ. Хоёр дахь гоолоос долоон минутын дараа Кошилни дахин шар хуудас аван талбайгаас хөөгдсөн нь эздийн сэтгэлийг гонсойлгосон үйл явдал болсон юм. Хэдийгээр хүн дутуу ч хаалга руу гоол оруулахын төлөө тэмцэж байсан ч 85 дахь минутад Астон Виллагаас Луна гоолдсоноор эздийн хүсэлд цэг тавьсан билээ. Арсенал энэ зуны солилцоо наймаан төдийлөн идэвхтэй оролцоогүй. Ливерпүүлээс Суарезийг авах гэж үзсэн ч ямар ч байсан энэ зундаа бүтэхгүй нь тодорхой болж, үүнээс хойш солилцоо наймааны зах зээлд оролцоогүй байгаа билээ.
Сүүлийн 22 жилийн туршид Юнайтедчүүдийг өөр дасгалжуулж байхыг хараагүй. Насны эрхээр тэтгэвэрт гарч, олон жилийн шуургалсан амжилтуудын дараа зодог тайлж, түүний орыг Девид Мойс залгамжлахаар болсон билээ. Түүнийг Манчестерт хөл тавьсанаас хойш амжилтыг шаардаж эхэлсэн гэхэд болно. Улирал түүний хувьд дэндүү эрт эхэлсэн. Тэр тусмаа дарамт ч их байгаа. Тоглолт эхэлмэгц л энэ хатуу уур амьсгал түүний урд байсан гэхэд болно. Нэгдүгээрт тэр өрсөлдөгч багийнхаа талбайд зочилсон. Хоёрдугаарт өрсөлдөгч нь сүүлийн хоёр улиралд дээд лигт тоглохдоо топ багуудаас оноо зулгааж сурсан баг. Энэ удаагийн тоглолтод Манчестер ялалт байгуулсан ч өнгөрсөн улирлын тоглолтыг харж чадаагүй. Энэ бол үнэн. Гэхдээ тэд ялсан. Ямар ч байсан тэд ялалтаар энэ бүх алдаагаа цайруулсан билээ. Эхний гоол оруулах хүртэл хоёр баг өгөө аваатай довтолж байсан. Суонсичүүд гоол оруулах хоёр ч боломжийг гаргасан ч ашиглаж чадаагүй. Манчестерчүүд хаалга руу цохиж байсан ч гоол болж бас л чадаагүй. 34 дэх минутад Робин ван Перси, хашир тоглогч Райн Гигссийн дамжуулалтыг чулуу болгож чадсан. Ердөө хоёр минутын дараа Манчестерийн залуу довтлогч Дани Велбек, Валенсиагийн дамжуулалтыг оноо болгож чадсан. Ердөө хоёрхон минутын дотор улаан чөтгөрүүдийг байдлыг өөрсдийнхөө талд ашигтайгаар эргүүлсэн нь энэ. Хоёрдугаар хагас эхлэхэд Манчестерчүүд довтолж байсан ч гоол болж чадаагүй юм. Суонсичүүд эхний үеийнх шиг чанартай довтолгоог бага хийсэн ч хаалга руу гоолын оролдлогыг хийж байсан. 72 дахь минутад улаан чөтгөрчүүд дахин гоолдсон. Гоолын эзэн нь Робин ван Перси. Өнгөрсөн улиралд Английн мэргэн буучдыг өнгөлсөн Голланд эр ийнхүү дубль хийсэн нь энэ. Тоглолт дуусах дөхөөд байх мөчид буюу 82 дахь минутад эзэн багийнхан нэр төрийн гоолоо Бонигийн ачаар оруулсан билээ. Тоглолтын эцсийн цэгийг эзэд биш зочид хийх хувьтай байж. Манчестерийн залуу довтлогч Вейн Рүүнийгийн дамжуулалтаар 90’+2 дахь минутад оруулж нээлтийн тоглолтоо 4:1-ээр дуусгасан билээ.
Ийнхүү нээлтийн тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр болсон тоглолтод Эвертончууд Норвичтой тэнцсэн. Лигийн шинэ цэрэг Вест Хэмчүүдэд хоёр гоолын зөрүүгээр хожигдсон. Шинэ цэргүүдэд ялагдлын гашуун амтыг Коул, Нолан хоёр амтлуулсан юм. Өнгөрсөн жил доод лиги унах дөхсөн Саутхэмптончууд эхний тоглолтоо Ламбертийн цорын ганц гоолоор, ялалтаар дуусгаж чадсан. Өнгөрсөн улиралд гайхалтай байж эхний 10 багт бичигдсэн Вест Бромвиччүүд ийнхүү эхний тоглолтоо ялагдлаар дуусгалаа. Харин Лондонгийн Фулхэмчүүд, Сандерлэндийг мөн 1:0-ээр хожсон юм. Энэ удаад гоолыг Касами Фулхэмээс оруулсан байна.
Өнөө орой Онцгой нэгнээр удирдуулсан Челсичүүд, лигийн шинэ цэрэг Халл Сититэй хийнэ. Энэ удаагийн тоглолтыг онцгой нэгэн ийн дүгнэсэн. “Нээлтийн тоглолтоо хийх гэж байгаадаа баяртай байна. Гэхдээ өрсөлдөгч таалагдахгүй байна” гэж. Тоттенхэмчүүд 2004-2005 оны улирлаас хойш анх удаа дээд лигитээ эргэн ирсэн Кристал Паластай таарсан. Ялалт хаана ч шийдэгдэж болно. Өнгөрсөн улиралд дээд лигийг өнгөлсөн хоёр баг гээд харвал тоглолтын чанар хаашаа эргэхийг таамаглаж болох талтай.