
-Сүүлийн үед эхээс төрөхдөө төрөлхийн эмгэгтэй төрөх явдал маш элбэгшиж байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Бид сүүлийн таван жилд нярайн эмгэг төрөлтийн судалгаа гаргаж байгаа л даа. Судалгааны дүн ерөнхийдөө нөхцөл байдлыг харуулж байгаа. Төрөлхийн эмгэгтэй хүүхэд төрөх нь ихсэж байгаа мэт харагдаж байгаа боловч ерөнхийдөө энэ нь төрөлт нэмэгдэж байгаатай шууд холбоотой. 2009 онд гэхэд л 68 мянга орчим хүүхэд мэндэлсэн. Төрөлттэй холбоотой олон асуудал үүсдэг ч нийт төрөлтийн 90 орчим хувь эрүүл, саруул төрдөг тул эмнэлгээс удалгүй гардаг. Харин бага жинтэй хүүхэд болон мэс засал хийлгэх шаардлагатай нярайн тоо нэмэгдэж байгаа нь үнэн. 2004 онд манай эмнэлэгт эмчлүүлсэн бага жинтэй хүүхдийн тоо 205 байсан бол 2008 онд 521 болж өссөн байна. Мөн мэс заслын эмчилгээ хийлгэсэн нярай хүүхдийн тоо 2004 онд 27 байсан бол 2009 онд 146 хүүхэд мэс засал хийлгэсэн. Мэс заслын эмгэгтэй хүүхэд таван жилийн дотор зургаа дахин өссөн ба тэдгээр хүүхдийн 49 орчим хувь нь эндэж байна. Бага жинтэй, нярайн эмгэгтэй хүүхдэд мэс засал хийхэд нярай хүүхдийн биеийн онцлогт тохирсон дээд зэргийн техник технологи хэрэгтэй. Гэвч бидэнд хагалгааны хэрэгслүүд дутмаг байна.
-Голчлон ямар эмгэгтэй хүүхдүүд төрж байна вэ?
-Хамгийн эхэнд тархины эмгэгшил буюу тархины даралттай хүүхдүүд байгаа. Энэ нь тархины хүчилтөрөгчийн дутагдал, эхийн хэвлийд байхдаа ээжийн эмгэгийн улмаас төрөлтийн үеийн бүтэлт зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй л дээ. 2004 оноос хойш нийт төрж байгаа нярай хүүхдийн 30 орчим хувийг тархины даралттай хүүхдүүд эзлэх болсон. Дараагийнх нь нярайн халдвар, 26 орчим хувийг эзэлж байна. Дараа нь шарлалт орох болсон, 2004 онд нярайн өвчлөлийн 6.3 хувийг эзэлж байсан бол 2009 онд 15.1 хувь болж өсөөд байгаа. Үүний дараа гаж хөгжил буюу нярайн эмгэг орно. Гаж хөгжилтэй хүүхдийн төрөлт 2004 онд нийт төрөлтийн 4.9 хувийг эзэлж байсан бол 2008 онд 8.3 хувь болж өссөн аж.
-Зүрхний гажигтай болон гэдэс нь цоорхой хүүхдүүд төрөх болсон гэсэн?
-Тийм тохиолдол бий. Нийт гаж хөгжилтэй төрж буй нярайн 39 хувь нь зүрх судасны тогтолцооны эмгэг өвчлөлтэй буюу амьдралд үл нийцэх гажигтай нярай байна. Энэ тохиолдолд дэлхийн ямар ч эмнэлэгт очиж эмчлүүлэх боломжгүй гэсэн үг л дээ. Хавсарсан гажиг буюу зүрхний хэд, хэдэн гажиг хавсарсныг дэлхийн зарим оронд үе шаттайгаар хагалгаанд оруулж эмчилдэг. Нийт гаж хөгжилтэй төрж буй нярай хүүхдүүдийн 38 хувь нь хоол боловсруулах тогтолцооны гаж хөгжилтэй байна. Үүнд, цөсний замын гаж хөгжил буюу цөс нь битүү төрснөөс хүүхэд шарлах, церриоз болох, улаан хоолой, хошного нь битүү, эсвэл гэдэс нь урт богино байх тохиолдол ч бий. Үлдсэн хувь нь эд эрхтэний янз бүрийн тогтолцооны эмгэгтэй төрдөг. Жишээ нь, ферментийн эмгэг, хромосомын эмгэг, амьсгалын эрхтэн тогтолцооны гаж хөгжил, бөөр шээсний замын гаж хөгжил, нүүр амны эрхтэн тогтолцооны гаж хөгжил гэх мэт.
Ховор тохиолдох гаж төрөлт гэж бас бий. Жишээ нь, гэдэсний ханагүй төрсөн хүүхэд байна. Энэ он гараад хоёр ч хүүхэд ийм гажигтай төрсөн. Гэдэсний булчин нь хөгжөөгүй ганц арьсан дээр тогтож байгаа гэмээр гэдэс дотор нь бараг л харагдахаар байсан. Ийм хүүхэд төрөх нь ихсэж байна гэж бодож болохгүй. Энэ эмгэг өмнө нь байсан. Ер нь их ховор тохиолддог эмгэг.
-Эмгэгтэй төрсөн нярайн хагалгааг эмнэлэгтээ хийдэг үү?
-Зүрхний эмгэгтэй нярайн хагалгааг Монголд хийж чаддаггүй. Гэхдээ хөнгөн хэлбэрийн зүрхний эмгэгийн хагалгааг Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт хийдэг. Харин манай эмнэлэгт энэ хагалгааг хийх бүрэн боломжтой ч зүрхний хагалгаа хийх эмч байдаггүй. Бусад төрлийн хагалгааг эндээ хийдэг. Гэхдээ нярай хүүхдэд тохирсон мэс заслын тоног төхөөрөмж бараг байдаггүй. Ямартаа ч өөрсдийнхөө хэмжээнд хагалгааг хийдэг. Жишээ нь, гэдэсний арьс бараг байхгүй хүүхдэд арьс шилжүүлэн суулгадаг. Харамсалтай нь эдгээр ховорхон тохиолдох эмгэгтэй төрсөн хүүхдүүдийн амьдрах чадвар их сул байдаг тул эндэх тохиолдол цөөнгүй гардаг.
-Төрөлхийн эмгэгтэй ураг гэдгийг эхийн хэвлийд байхад нь хянах боломж бий юу?
-Жирэмсний хяналтыг сайн хийж чадвал боломжтой. Сайн оношлуураар ургийг таньж, эхийн хэвлийд өсөлтийг нь зогсоож болно. Гэтэл манай улсад энэ төрлийн оношлуурын тоног төхөөрөмж байдаггүй. Дээр нь жирэмсний хяналт их сул болсон. 90-ээд оноос өмнө жирэмсэн эмэгтэй олон давхар хяналтын дор хүүхдээ төрүүлдэг байсан. Шүд өвчтэй бол шүдийг нь эмчилдэг байсан. Өнөө цагт хорхой идсэн шүдтэй эхийг эмчлэхээ больсон, гэтэл хорхой идсэн шүд гэдэг эхээс хүүхдэдээ өгч байгаа суурь өвчний эхлэл болдог. Түүнчлэн өсвөр үеийнхний 90 орчим хувь нь шүдний өвчинтэй гэсэн судалгаа гарсныг саяхан харсан. Шүдийг эмчлэх бол хамгийн эхний алхам шүү дээ.
-Танай эмнэлэгт нярай хүүхдийг эмчлэхээс гадна өсвөр насны хүүхдүүд хэвтэж эмчлүүлдэг. Өсвөр насныхан ихэвчлэн ямар өвчлөлөөр танайд ханддаг вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өсвөр үеийнхэн гэж 13-19 настай хүүхэд гэж томъёолдог. Монгол улсад 0-16 хүртэлх насны хүүхэд нийт хүн амын 32 хувийг эзэлдэг. 0-19 нас хүртэлх хүүхэд нийт хүн амын 49 хувийг эзэлдэг юм билээ. Өсвөр үеийнхэн гэдэг маань улс орны ирээдүй, хойч үе гэдгээсээ илүү эрүүл иргэн, эрүүл эцэг эх байх ёстой гэдэгт анхаарах хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдээ нялх, бага байхад нь хараа хяналтаа сайн тавьж, өвдөх үед нь хурдан эмчлүүлдэг. Харин өсвөр насны хүүхдээ эрүүл гэж бодоод өвдөж байгааг нь анзаардаггүй. Бас энэ насныхны нэг хэцүү нь эцэг эхдээ хувийн асуудлаа дэлгэн ярих сонирхолгүй байдаг. Ийм болохоор уг нь өсвөр насны хүүхдүүдэд тусгай бэлтгэгдсэн эмч, сэтгэл судлаач зөвлөгч байх ёстой гэдэг. Гэтэл Улаанбаатар хотын хэмжээнд өсвөр үеийнхний эмч ердөө зургаахан байдаг. Эмнэлэгт хэвтдэг хүүхдүүдийн ихэнх нь бөөрний архаг үрэвсэлтэй, уушигны бронхиттой байх нь бий.
Мөн өсвөр насныхан амиа хорлох зорилгоор эм бэлдмэл их хэмжээгээр хэрэглэж хордож байна. 10 жилийн өмнө нэг хүүхэд амиа хорлох зорилгоор 100 гаруй димедрол ууж хордоод ирэхэд амь насыг нь аварч чадсан ч насан туршдаа тэргэн дээр суудаг хүн болсон харамсалтай түүх бий. Гэвч хоёр долоо хоног тутамд тайвшруулах, унтуулах төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн 1-2 хүүхэд тогтмол ирдэг хэвээрээ л байна.
-Хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэх болсон шалтгаан нь юу вэ?
-Аливаа өвчин үүсэх өөр, өөрийн шалтгаантай. Мөн түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлс нь ч янз бүр. Гэхдээ өвчний шалтгаанаас илүү өвчлөлийн бүтцэд өөрчлөлт ороод байна. Үүнд хүмүүсийн амьжиргааны төвшин, байгаль орчны өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, орчны эрүүл ахуй зэрэг олон зүйлс нөлөөлж байна.
-Өвчлөлийн бүтэц өөрчлөгдөж байна гэдгийг тодруулбал?
-Хүүхдүүдийн дунд ихэвчлэн цаг агаар, хоол ундны хэрэглээ зэргээс үүдэлтэй огцом өвдөлт үүсдэг байсан бол сүүлийн жилүүдэд суурь өвчтэй хүүхдүүд олширч байна. Тодруулбал, амьсгалын замын өвчин хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдох өвчлөлийн 45 хувийг эзэлдэг бөгөөд 2009 онд 1965 хүүхдийг эмчилсэн. Суурь өвчтэй буюу амьсгалын замын архаг өвчтэй хүүхдүүд нэмэгдэж байна. Амьсгалын замын архаг бөглөршилт, гуурсан хоолойн багтраа буюу астма зэрэг өвчнөөр өвчлөх тохиолдол бас нэмэгдсэн. Уушигны архаг үрэвсэл, уушигны янз бүрийн эмгэгүүд тооны хувьд ихэссэн. Мөн өмнө нь оношлогдож байгаагүй шинэ өвчний тохиолдол нэмэгдэх болсон. Түүнчлэн, мэдрэлийн болон зүрх судасны тогтолцооны эмгэгүүд зонхилон тохиолддог.
-2007 оноос хойш шинэ төрсөн хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Харин эдгээр хүүхдүүдийг эмчлэх эмч, эмнэлгийн хүрэлцээ хэр байна вэ?
-Бага насны хүүхдийн тоо жил бүр 60-70 мянгаар нэмэгдэж байгаа тул янз бүрийн шалтгаантай өвчлөл нэмэгдэх болсон. Гэтэл өвдсөн хүүхдүүд очих эмнэлэг бараг байхгүй гэхэд болно. 90–ээд оноос өмнө Улаанбаатар хотын хүн ам 500 мянгаас хэтрэхгүй байхаар тооцоолж энэ эмнэлгүүдийг байгуулсан шүү дээ. Тийм болохоор дөрвөн район тус бүр 200-300 ортой хүүхдийн эмнэлэг ажиллуулж байсан. Манай эмнэлэг гэхэд л 400 орчим ортой ажилладаг байсан. Төрөлт нэмэгдэхийн хэрээр төрөх эмнэлэг барих нь зөв л дөө. Гэхдээ хүүхдийн эмнэлгийн асуудлыг огт ярихгүй байгаа нь сонин санагддаг.
-Хүүхдийн эмнэлэг шинээр барих шаардлагатай гэж үү?
-Тийм. Дэлхийн хөгжингүй орнуудад хүүхдийн эмнэлэгт их анхаардаг юм билээ. Хүүхэд гэдэг нийгмийн баялаг гэдэг утгаар эмнэлэгт хэвтэх шаардлагатай үед яг гэртээ байгаа мэт орчныг нь бүрдүүлж өгдөг. Учир нь тэр хүүхэд эмнэлэгт хэвтэж байгаа ч, сурч боловсрох мэдээллээс хоцрохгүй байх зэрэг эрхээ эдэлж байх ёстой. Гэтэл манай улсын хувьд эмнэлэгт хэвтэнэ гэдэг олуулаа нэг өрөөнд, цагаан тааз ширтэх эсвэл өвчтэй нэгнийхээ өвчнийг ярихаас өөр сонголтгүй байна. Ялангуяа манай эмнэлэгт 2-3 сарын турш хэвтэж эмчлүүлдэг хүүхэд ч бий . Тэд үнэндээ өвчин туссаныхаа төлөө сурах эрхээ хасуулсан байдаг.
Бид дэлхийн улс орнууд хүүхдийн эмнэлэгтээ тавьдаг стандартыг судлан, АНУ-ын Денвер хотын хүүхдийн эмнэлэгтэй холбоотой ажиллаж эхэлсэн юм. Хамтын ажиллагааны үеэр тус эмнэлэг манай оронд тохирсон хүүхдийн эмнэлэг барих зураг төслийг илгээсэн. Тэрхүү эмнэлгийг нийслэл хотын хаана нь баривал тохиромжтой зэргийг ч санал болгосон загвар хадгалаастай байна. Удахгүй манай эмнэлгийн 85 жилийн ой болно. Тэр үеэр төр засгийн удирдлагуудад зураг төслөө харуулж, батлуулахын төлөө ажиллана даа. Тэгж чадвал хүүхдэд зориулсан орчин үеийн жинхэнэ эмнэлэгтэй болох боломж байна. Манай оронд нэг хүнд ноогдож байгаа нэг жилийн эрүүл мэндийн үйлчилгээний зардал 60 доллар байдаг. Гэтэл АНУ зэрэг хөгжилтэй орнуудад дор хаяж 3000 доллар байдаг. Юм бүхний үнийг нэмэхдээ дэлхийн жишиг ийм байдаг гэж үнэ нэмдэг бол дэлхийн жишиг болсон хүүхдийн эмнэлэгтэй болоход төр засгийн удирдлагууд дэмжинэ гэж найдаж байна даа.
П.Нарандэлгэр