Хойд хөршийн нийслэл Москва хотноо үргэлжилж буй хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээний марафон гүйлтийн төрөлд өрсөлдсөн, Монгол Улсын тамирчин Бат-Очирын Сэр-Од 2 цаг, 21 минут, 55 секундын амжилтаар 36 дугаар байрт хурдаллаа. Тамирчин хүний тэсвэр тэвчээрийг чинээнд нь тултал сорьдог тул тасралтгүй хоёр цаг гаруй гүйж, 42,195 км замыг туулж, барианд орно гэдэг амжилт, бас ялалт. Энэ жилийн дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн марафонд гэхэд л 69 тамирчин гараанаас гарснаас 51 нь замаа дуусгажээ. Хөнгөн атлетикийн спорт, тэр дундаа марафон гүйлтийн төрлөөр Монгол Улсын нэрийг тив, дэлхийн тавцанд цуурайтуулж яваа Гавьяат тамирчин Б.Сэр-Одын хувьд ийнхүү зургаа дахь дэлхийн аваргадаа хурд сорьсон бөгөөд өмнөх ДАШТ болох 2011 онд БНСУ-ын Дэгүд болсон тэмцээнд 2:16:41 цагийн амжилт үзүүлж, эхний 20-д багтсан нь түүний оргил амжилт билээ.
Москвагийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн марафонд Уганда улсын тамирчин Стивен Кипротич 2:09.51 цагийн амжилтаар дэлхийн аварга болсон. Өдгөө 23 настай тэрбээр Лондонгийн олимпод 2:08:01 цагийн амжилт үзүүлж, олимпийн аварга болж байсан юм. Харин Этиопийн Лелиса Десиса (2:10.12), Тадесе Тола (2:10.23) нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов.
Хөнгөн атлетикийн ДАШТ-ий медальтнууд маргааш тодорч дуусна. Харин Монголын тамирчдын хувьд өнөө жилийн ДАШТ энд хүрээд өндөрлөж байна. Эх орноо төлөөлж, дэлхийн аваргад оролцсон Л.Отгонбаяр тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн марафонд гүйлтэд өрсөлдөж, харамсалтай нь барианд орж чадалгүй
уралдааныг орхисон бол өнөөдөр Б.Сэр-Од дэлхийн
аваргын замд хурдалж, 36 дугаарт бариаллаа.