Тэмцээнийг тэргүүлэн тоглосон, дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жокович хагас шигшээд шалгарахын тулд АНУ-ын Жон Иснер буулгаж авах ёстой байлаа. Гэвч 2 цаг 24 минут үргэлжилсэн тоглолтод Америк теннисчин илүү байж 7:6, 3:6, 7:5-ийн харьцаагаар дэлхийн манлай теннисчнийг хожиж, хагас шигшээд шалгарлаа. Жон Иснер тэмцээний долоод эрэмбэтэй Аргентиний Хуан Мартин дел Потротой шигшээд шалгарах эрхийн төлөө өрсөлдөх юм.
Харин нөгөө хэсэгт сонирхолтой тоглолтууд мөн өрнөлөө. Тэмцээний хоёрт эрэмбэтэй Их Британий Энди Мюррей, зургаад эрэмбэтэй тоглосон Чехийн Томаш Бердых нарын тоглолтод Чех теннисчин 6:3, 6:4-ийн харьцаагаар хагас шигшээд шалгарлаа.
Тэмцээний дөрөвт эрэмбэтэй Испаний Рафаэль Надаль, тавд эрэмбэтэй Швейцарийн Рожер Федерер нарын шилдэг теннисчид шөвгийн наймд шалгараад байсан. Надаль 5:7, 6:4, 6:3-ийн харьцаагаар Рожер Федерерийг буулган авч хагас шигшээд шалгараад байна. Өнгөрөгч тавдугаар сард Rome мастерсийн шигшээд тэд шалгарч байхад Надаль 6:1, 6:3-ийн харьцаагаар илүүрхэж, ээлжит мастерсийн түрүүгээ хүртэж байсан. Надалийн хувьд оны турш болдог мастерсийн 9 цувралын дөрөвт нь түрүүлээд байна. Тухайлбал, Indian Wells болон Madrid, Rome, Montreal-д түрүүлээд буй.
“Cincinnati Open” хагас шигшээд шалгарсан теннисчдээс хамгийн өндөр чансаатай Рафаэль Надаль болж байна. Тэмцээний дөрөвт эрэмбэтэй тоглож буй Рафаэль Надаль шигшээд шалгарахын тулд Энди Мюррейг буулган авсан Чехийн Томаш Бердыхтэй тоглох юм.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд дэлхийн тэргүүн теннисчин АНУ-ын Серена Уильямс, өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Хятадын Ли На (5) нар шалгарлаа. Нөгөө хэсгээс тэмцээний хоёрт эрэмбэтэй Беларусын Виктория Азаренка, 14-т эрэмбэтэй Сербийн Елена Янкович нар шалгараад байна.
Тэмцээний
эрэгтэй ганцаарчилсан төрлийн аварга 583 мянган ам.доллар хүртэж,
чансааны 1000 оноо авах бол эмэгтэй аварга 426 мянган ам.доллар хүртэж,
чансааны 900 оноо хүртэх юм. Тэмцээний хагас шигшээд шалгарч буй эмэгтэй теннисчид 107 мянган ам.доллар, эрэгтэй теннисчид 144 мянган ам.долларын шагнал хүртэж байна. Тэмцээний
аваргууд маргааш тодорно.