
2010 онд АНУ-ын Тагнуулын төв газраас гаргасан дэлхийн 224 улс орон, тусгай бүсүүд дэх нэг хүртэл насны хүүхдийн эндэгдлийн тайланд 1000 хүүхдэд 38.56 нярай эндэж байсан гэсэн үзүүлэлтээр Монгол жагсаалтын сүүлээс 68 дугаарт бичигдсэн байна. Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд манай улс тав хүртэл насны хүүхдийн эндэгдлийг 2015 он гэхэд 1990 оныхоос гуравны хоёроор бууруулна гэсэн зорилт дэвшүүлээд ажиллаж байна. Дэлхийн хөгжилтэй орнуудад хүүхдэд тавьж байгаа эрүүл мэндийн анхаарал, халамжтай харьцуулбал цаашид хийх зүйл их байгаа нь ойлгомжтой.
АНУ-ын тайлангаар нэг хүртэл насны хүүхдийн эндэгдлээр Монако дэлхийд хамгийн багад тооцогдож байгаа бөгөөд 1000 хүүхдэд ноогдох эндэгдэл 1.78 байна. Түүний хойно шил дарж буй Сингапур 2.31, Швед 2.71, Япон 2.79, Хонг Конг 2.92, Франц 3.31, Герман 3.95, АНУ-д 6.14, Орос 10.32, Хятадад 16.51 (тав хүртэл насны хүүхдийн эндэгдэл 20.25) байна.
Монгол улсын үндсэн хуулинд Монгол улсын иргэн амьд явах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч Монгол улсын иргэний үнэмлэхээ авах нь бүү хэл таван насныхаа төрсөн өдрийг ч тэмдэглэж амжилгүй хорвоог орхиж буй нялх иргэдийн тоо харьцангуй их байсаар байгаа тул холбогдох байгууллага, хүмүүс Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн эрх ашгийг, эрүүл мэндийг хамгаалах тал дээр илүү их зүйл хийх хэрэгтэй байна.
Т.Бадрах