
Харин өнөө шөнө эмэгтэйчүүдийн 4х400 метрийн уралдаан болох бөгөөд "Берлин-2009", "Тэгү-2011" ДАШТ-ээс хүрэл, Лондонгийн наадмаас мөнгөн медаль хүртсэн ОХУ-ын эмэгтэй баг дөрөвдүгээр замаар уралдахаар шигшээд шалгараад байна.
Мөн энэ өдөр явагдсан эмэгтэйчүүдийн дүүгүүр шидэлт, эрэгтэйчүүдийн уртын харайлтын төрөлд ОХУ-ын тамирчид алтан медаль хүртлээ. Нутагтаа болж буй ДАШТ-нээс 5-6 алтан медаль авна гэж тэмцээний өмнө мэдэгдэж байсан ОХУ баг эхний зорилгодоо хүрээд байна. Нийт 47 багц медалиас 34 нь эзэндээ очоод байгаагаас АНУ таван алт, есөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол ОХУ (5+3+3), Кени (3+3+3) улсууд удаалж байна. 206 орноос 35 улс ямар нэгэн медаль хүртсэнээс БНХАУ нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж XIX, Катар улс нэг мөнгө (эрэгтэйчүүдийн өндрийн харайлт), Япон улс нэг хүрэл (эмэгтэй марафон) XXII, XXIX байрт бичигдэж байна.
Эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн өнөөдөр болох бөгөөд 70 тамирчин уралдаанд оролцоно. Улаанбаатарын цагаар 20:30 цагаас гараанаас гарах уг уралдаанд Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Б.Сэр-Од оролцох юм. 6 дахь удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Б.Сэр-Одын хувьд энэ жил Хонгконгт болсон Азийн марафоны аварга шалгаруулах тэмцээнээс 2:17:56 цагийн амжилтаар алтан медаль хүртсэн. “Тэгү-2011” ДАШТ-нд 20-р байр эзэлсэн түүний хувьд олимпийн гурван наадамд эх орноо төлөөлөн оролцсон.

