“Оюутолгой” компанийн зүгээс наймдугаар сарын 14-нд тус компанийн захиргаанаас үндсэн гэрээтэй 63 ажилчинд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдэл өгсөн байна. Хуульд зааснаар есдүгээр сарын 8-нд мэдэгдлийн хугацаа дуусч, тэдгээр ажилчдад ажлаас халагдсаны тэтгэмж олгох асуудал яригдаж байгаа аж.
“Оюутолгой” ХХК-тай туслан ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж буй “Рэдпаф” компани 700 гаруй ажилчинтай. Тэднээс 300 орчим ажилчинд компанийн захиргаа мөн гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн бол 363 ажилчныг цомхотгох эсэх нь тодорхойгүй байгаа талаар “Оюутолгой” ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга У.Эрдэнэбаяр дуулгасан юм.
МҮЭХ-ноос “Рэдпаф” ХХК-аас бусад туслан гүйцэтгэгч компаниудиас хичнээн хүнд мэдэгдэл өгсөн, ажилчидтайгаа ямар нөхцөлтэй гэрээ байгуулсан, гэрээнд ажилчдын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгаа хэрхэн тусгасан талаарх мэдээллийг ойрын хугацаанд ирүүлэхийг “Оюутолгой” ХХК, Хөдөлмөрийн яамнаас шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн байна.