Төрөх эмнэлгийг инженерийн шугам сүлжээнд холбож байна

Хуучирсан мэдээ: 2013.08.16-нд нийтлэгдсэн

Төрөх эмнэлгийг инженерийн шугам сүлжээнд холбож байна

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2.4 га газарт 300 ортой төрөх эмнэлэгийн барилга баригдаж байгаа билээ. 2013 оны 12 дугаар сард ашиглалтад орох төлөвлөөтэй баригдаж байгаа шинэ төрөх эмнэлэгийн барилгын ажил наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. 300 ортой төрөх эмнэлэгийн барилгын зураг төслийг “Дархан строй” ХХК, “Марс констракшн” ХХК-ууд хийсэн бол барилга угсралтын ажлыг “Нийслэл-Өргөө” ХХК, “Пума констракшн” ХХК гүйцэтгэж байна.

Шинээр баригдаж буй Нийслэлийн дөрөвдүгээр амаржих газрын барилга нь үндсэн таван блоктой. А блок нь тэнхлэгээрээ 13.2х33.6 м хэмжээтэй, техникийн болон зоорийн давхартай нийт найман давхар, Б, М, Г блокууд тэнхлэгээрээ 51.6х20 м хэмжээтэй, долоон давхар байна. Харин Д блок нь тэнхлэгээрээ 15х2 м хэмжээтэй хоёр давхар, Е блок нь тэнхлэгээрээ 21,6х12 м хэмжээтэй нэг давхар байх юм байна. Мөн хүчилтөрөгчийн дэд станцын Ж блокыг ч барихаар барилгын зураг төсөлд тусгасан байна. Одоогийн байдлаар А, Б, В, Г, Д блокуудын барилга угсралтын ажил батлагдсан зураг төслийн дагуу хийгдэж байгаа бол Е блокын улаан шугам тавьсан, Ж блокын ажил хараахан эхлээгүй байгаа гэж Эрүүл мэндийн яамны Барилга захиалагчийн албанаас мэдэгдлээ.

Монгол улсын Засгийн газрын 118-р тогтоолын дагуу “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Буянт-Ухаа, Яармаг орчмын орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн ажлыг Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийн нэгж хариуцан хэрэгжүүлж байгаа бөгөөд 300 ортой эмнэлэгийн гадна цэвэр бохир ус, дулааны шугам сүлжээний ажлыг “Дэд бүтэц” төслөөс хэрэгжүүлж байна.


Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж