Английн “Тоттенхэм”-ийн жигүүрийн довтлогч Гарет Бэйл багаа орхих хүсэлтээ байгаагаа илэрхийлэхээр багийн эзэн Даниель Лэвитэй уулзахаар болсон талаар хөлбөмбөгийн www.goal.com сайт мэдээллээ. Өдгөө 24 настай, Уэльс хагас хамгаалагч Бэйл Испанийн эзэн хааны “Реал Мадрид” багт тоглох хүсэлтэй байгаа юм. Хөлбөмбөгийн зуны солилцоо наймааны цонх нээгдсэнээс хойш “савангийн дуурь” болтлоо яригдаж буй энэхүү наймаа биеллээ олбол Бэйл дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болох магадлалтай байгаа юм. Бэйлийг “Реал Мадрид” 100 сая еврогоор худалдаж авна гэж байсан бол одоо 117 сая болж өслөө. Эсвэл Испанийн “Реал Мадрид” Бэйлийг худалдан авахын төлөө төвийн хагас хамгаалагч Сами Хедираг “Тоттенхэм” багт өгөөд, дээр нь мөнгө нэмж өгөх шаардлагатай болсон талаар ч европийн хөлбөмбөгийн хэвлэлүүд бичиж байна.
Харин Бэйл “Реал Мадрид” багт ирвэл Аргентиний шигшээн жигүүрийн довтлогч Анхель Ди Мария Францын баян баг “ПСЖ” рүү явах гэнэ.
Гарет Бэйл Испанийн “Реал Мадрид” багт очих уу? Ямартаа ч энэ асуултын хариу наймдугаар сарын 31-нээс өмнө тодорно. Учир нь наймдугаар сарын 31-ний 00:00 цагт /Лондоны цагаар/ европийн хөлбөмбөгийн солилцооны наймааны цонх хаагдана.
Б.БИЛЭГ